CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Путин нар утсаар ярив

06-16-2022 14:11

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 15-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилаа.

   Ши Жиньпин хэлэхдээ “2022 он гарсаар дэлхий дахин ээдрээтэй өөрчлөлттэй нүүр тулж буй ч Хятад Оросын харилцаа хөгжлийн сайн эрчээ хадгалсаар байгаа билээ. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, Хэйхэ-Благовещенск автозамын гүүрийг ашиглалтад оруулан, хоёр орны харилцаа холбооны шинэ сувгийг нээжээ. Хятадын тал Оросын талтай хамтран, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацаанд хадгалахын төлөө зүтгэхэд бэлэн байна. Хятад улс  бүрэн эрхт байдал, аюулгүй байдал зэрэг язгуур ашиг сонирхолын чухал асуудал дээр ОХУ-тай харилцан дэмжиж ажиллана. Хоёр орны стратегийн хамтын ажиллагааг нягтруулна. НҮБ, БРИКС, ШХАБ болон олон улс, бүс нутгийн бусад чухал байгууллагуудын харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, олон улсын дэг журам, дэлхийн засаглалын хөгжлийг илүү шударга, зүй ёсны чиглэлээр ахиулна” гэлээ.

   Путин хэлэхдээ “Ши Жиньпин даргын хүчтэй удирдлага дор Хятад улс хөгжлийн гайхалтай амжилтад хүрсэн бөгөөд Оросын тал чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Энэ он гарснаас хойш Орос Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг ОХУ дэмжиж байна. Шинжаан, Хонгконг, Тайвань болон бусад асуудал гэгдэх нэрийдлээр Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй аливаа хүчнийг эсэргүүцэж, Хятад улстай олон талт зохицуулалтаа бэхжүүлэн, дэлхийн олон туйлт үзлийг ахиулж, илүү шударга, үндэслэлтэй олон улсын дэг журмыг тогтооход бүтээлч хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэжээ.

  Хоёр улсын төрийн тэргүүн Украины асуудлаар санал солилцов. Ши Жиньпин “Хятад улс Украины асуудлын түүхэн улбаа, зөв бурууг үндэслэн, бие даасан дүгнэлт хийхийг ямагт эрмэлзэх ба дэлхийн энх тайвныг идэвхтэй ахиулан, дэлхийн эдийн засгийн дэг журмыг тогтвортой байлгахын төлөө ажиллана. Украины хямралыг талууд хариуцлагатай зөв зохицуулах ёстой. Хятад улс энэ талаар бүтээлч оролдлого хийхэд бэлэн байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр