CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Америкийн төрийн тэргүүн нар цахим уулзалт хийжээ

03-21-2022 10:04

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Робинетт Байдены урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны орой түүнтэй цахимаар уулзаж, хоёр орны харилцаа, Украины нөхцөл байдал зэрэг асуудлаар саналаа солилцжээ.

Байден: Одоогоос 50 жилийн өмнө Америк, Хятад хоёр орон чухал сонголт хийж, “Шанхайн сонсгол мэдээ” нийтэлсэн юм. 50 жилийн дараах өнөөдөр хоёр орны харилцаа дахин зангилаа үе шатанд ирж, түүнийг хэрхэн хөгжүүлэх нь 21-р зууны дэлхийн төлөв байдалтай шууд холбогдох юм. Америк Хятад улстай “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй, Хятад улсын тогтолцоог өөрчлөх оролдлого хийхгүй, холбоотнуудтайгаа хамтран Хятад улсын эсрэг ажиллахгүй, Тайванийг тусгаарлахыг дэмжихгүй, Хятад улстай мөргөлдөөн үүсэхийг бүр ч хүсэхгүй байна. Харин Хятад улстай санал бодлоо илэн далангүй солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, санал зөрөлдөөнийг үр ашигтай хянаж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Эрхэм дарга таньтай нягт хэлхээ холбоотой ажиллаж, хоёр орны харилцааны хөгжлийг сайтар удирдан ажиллахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, мөргөлдөөнөөс зайлсхийж, олон давхарга, олон салбарын зөвшилцөл, яриа хэлцлийг эрчимжүүлэх тухайд Ерөнхийлөгч таньтай санал нэгтэй байна. Та сая хэлсэн үгэндээ “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй, Хятад улсын тогтолцоог өөрчлөхийг оролдохгүй, Хятад улсын эсрэг холбоотнуудтайгаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхгүй, Тайванийг хагалан тусгаарлахыг дэмжихгүй, Хятад улстай шууд мөргөлдөөн үүсэхийг хүсэхгүй гэх байр сууриа дахин нотолсныг бид ихэд чухалчлан үзэж байна.

Өдгөө Хятад, Америкийн харилцаа Америкийн өнгөрсөн засгийн газраас үүдэлтэй хүндрэлтэй байдлаасаа бүрэн гарч чадаагүй бөгөөд ирэх тусмаа олон сорилтуудад тулгарч байна. Онцгойлон Америкийн зарим хүмүүс “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд буруу дохио дамжуулж байгаа нь маш их эрсдэлтэй зүйл юм. Тайваний асуудлыг сайтар зохицуулахгүй бол хоёр орны харилцаа тэр чигээрээ “тонгорно”, тиймээс энэ талаар илүү чухалд авч үзэхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.

Хоёр талаараа бас Украины асуудлаар санал солилцжээ.

Байден Америкийн талын байр суурийг танилцуулсан бөгөөд Украины асуудлаар Хятад улстай зөвшилцөж, байдал цаашид гаарахаас зайлсхийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Ши Жинпин онцлохдоо, өдгөө дэлхийн улс түмэн маш хүнд хэцүү байдалд ороод байна. Цар тахлаас сэргийлэхийн зэрэгцээ эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг баталгаажуулах бол дэлхийн улс орнуудын засгийн газрын өмнө тулгараад буй нийтлэг сорилт болсон. Том гүрнүүдийн удирдагч болохын хувьд бид эрхбиш дэлхийн халуун цэгийн асуудлыг эвтэй зохицуулахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой бөгөөд дэлхий дахины тогтвортой байдал, хэдэн тэрбум хүн зоны үйлдвэрлэл, амьдралыг харгалзан авч үзэх ёстой. Бүх талаар, ямар ч ялгаа зөрөөгүй хориг арга хэмжээ авах нь эцсийн эцэст улс орнуудын эгэл иргэдэд хал зовлон болно. Украины нөхцөл байдал цаашид гаарвал дэлхийн эдийн засаг, худалдаа, банк санхүү, эрчим хүч, үр тариа, аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний маш ноцтой хямралыг үүсгэж, нэгэнт хүндхэн байдалд ороод байгаа дэлхийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх болно. Хятадын хэлц үгэнд “ганц алга дуугардаггүй” гэдэг. Одоогоор хамгийн чухал нь яриа хэлцлийг үргэлжлүүлж, эгэл иргэдийн эндэл бэртлээс зайлсхийж, хүмүүнлэгийн хямралаас сэргийлж, эртхэн гал зогсоох явдал юм. Өнө батын энх тайван нь том гүрнүүд харилцан хүндэтгэж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, баг хуваагдан сөргөлдөхгүй байж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой дэлхийн болон бүс нутгийн аюулгүйн тогтолцоог байгуулахаас үүдэлтэй гэжээ.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр