CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ВАН И МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД БАТЦЭЦЭГТЭЙ УТСААР ЯРИВ

01-29-2022 13:12

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Монгол улсын Гадаад хэргийн сайд Батцэцэгтэй энэ сарын 28-нд утсаар ярив.

Ван И хэлэхдээ, өнгөрөн одож буй 2021 онд ХКН болон Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон нь Хятад, Монгол хоёр орны хувьд маш чухал үйл явдал байлаа. Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Хүрэлсүх нарын стратегийн удирдлага дор хоёр тал эв нэгтэй хамтран ажиллаж, тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ түвшинд хүрсэн. Өнгөрсөн онд миний бие Гадаад хэргийн сайд хатагтай таньтай хамт Тяньжин хотноо санал бодлоо гүнзгий солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, олон нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад, Монголын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгч, Хятад, Монголын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахын тулд Монголын талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Батцэцэг Хятадын талд шинэ оны мэндчилгээ дэвшүүлээд, цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн хүнд хэцүү үед Монгол улсад тууштай дэмжлэг үзүүлэн, Монгол улс цар тахлыг ялан давахад чухал үүрэг гүйцэтгэсэн Хятад улсад гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалчилж байна, Хятад улсын хөрш орнуудтайгаа "дотно найрсаг, хүртээмжтэй байх" дипломат үзэл баримтлалыг өндрөөр үнэлэн сайшааж байгаа бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг өндрөөр үнэлэн дэмжиж байна. Түүнчлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний худалдаа, хилийн боомтууд, дэд бүтцийн түншлэл, банк санхүү, байгаль орчныг хамгаалах зэрэг бүх салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Хятадтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Бээжингийн өвлийн олимпийн наадмыг Хятад улс амжилттай зохион байгуулахыг Монголын тал тууштай дэмжиж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлан өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо хүсэн хүлээж байна хэмээн Батцэцэг онцолжээ. 

Ван И онцлохдоо, Монгол улстай хоёр талын хөгжлийн стратегийн уялдаа холбоо, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд Монгол улстай хамтаар зохицуулалт, хэрэгжилтийг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг илүү бодитой үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ. 

Ван И онцлон тэмдэглэхдээ, Олимп бол Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам.  Хятадын найрсаг хөрш Монгол улс Бээжингийн өвлийн олимпийгг тууштай дэмжсээр ирсэн. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо хамгийн эрт илэрхийлсэн гадаадын удирдагчдын нэг байсан ба спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж байна. Хятадын тал Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэний Хятад дахь айлчлалын бэлтгэл ажлыг базааж байна гэжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ