CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XI форум болов

10-26-2020 13:54

 10-р сарын 22-нд, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XI форум "Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд видео хэлбэрээр зохиогдож, Бээжин, Хөх хот болон Улаанбаатар хотоос цахимаар холбогдож хуралдав.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн албан хамтран зохион байгуулсан байна. Хятад, Монгол хоёр орны 100 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид форумын гол сэдвийн хүрээнд хамтран халдварын эсрэг тэмцсэн туршлагаа хуваалцан, хэвлэл мэдээллийн хөгжил, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцон, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсний зэрэгцээ "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ирэх арван жилийн харилцаа хамтын ажиллагааны тунхаг" нийтлэв. 

Хятадын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь болон Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар үг хэлж, ХКН-ын ӨМӨЗО-ны намын хорооны гишүүн, суртал ухуулгын газрын дарга Бай Юйган форумыг нээж үг хэлэв. Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны хариуцлагатан Лью Жэнрүн, нарийн бичгийн дарга Тянь Юйхүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нар "Хятад, Монголын хэвлэлийн мэдээллийн ирэх арван жилийн харилцаа хамтын ажиллагааны тунхаг"-г зарлав.

Шюй Линь хэлсэн үгэндээ, халдварын дараах цаг үед анхаарал хандуулж, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарт хүчээ хамтатган, хамтын ажиллагаа харилцан итгэлцлээ бэхжүүлэн, эв санаа нэгтэй хамтран халдварын эсрэг тэмцэх нийтлэг ойлголтод хүрэх, хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэх ёстой. Үүний тулд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт, өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Д.Цогтбаатар гишүүн хэлсэн үгэндээ, Ковид-19 халдварын эсрэг хамтран ажиллах нь халдварыг даван туулах ганц сонголт юм, энэ талаар Хятад, Монгол хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн байгаа. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага цаашид өргөн хүрээнд хамтран ажиллаж, харилцан ойлголцол, итгэлцлээ улам илүү гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

 Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн даргын нарын газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нар хуралд оролцов. Нээлтийн ёслолын үеэр "Хувь заяагаа хамтатгаж, хатуу бэрхийг хамтаар туулсан" гэсэн Хятад, Монгол хамтран халдвартай тэмцсэн баримтат киног үзүүлж, Хятадын Төв Радио Телевиз, Хятадын Өдрийн Сонин, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Өдрийн Сонины төлөөлөгчид хуралд оролцон үг хэлэв.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь Хятад, Монгол хоёр орон хоорондын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааны чухал индэр юм. 2010 онд зохиогдож эхэлснээс хойш, хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд гүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр