CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Сычуанаас Түвд рүү алхаад марш!

12-09-2019 13:57

Явган аялагч залуу Чэн Руй өөрийн үнэнч нохой Мишүгийнхээ хамт Сычуанаас Түвд рүү алхаж явна. Одоогоор тэд 1300 км зам туулаад байгаа бөгөөд энэ сарын 5-нд Түвдийн өөртөө засах мужийн Нинчи хотын Луланг хэмээх жижиг тосгонд хүрч очжээ.
29 настай тэрбээр Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Гүйжоу мужийн Зун-И гэдэг газарт төрсөн байна. Чэн явган аяллаа есдүгээр сарын 26-нд өөрийн нохойн хамт Сычуан мужийн Кандин хотоос эхэлсэн бөгөөд Үндэсний хурдны авто зам дагуу 70 гаруй өдрийн турш алхаад байна. Тэрээр явган аялалынхаа эцсийн зогсоол болох Түвдийн нийслэл Лхас хотод хүрч очиход дахиад 400-гаад км зам туулах ёстой ажээ.
Аяллын өмнө Чэн онлайн хоол хүргэлтийн платформ хөгжүүлдэг интернет компани ажиллуулдаг байсан бөгөөд энэ оны эхээр түүний бизнес алдагдалд орж эхэлсэн байна. Тиймээс Чэн үнэнч анд Мишүтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, хэсэг хугацаанд амарч, өөрийгөө шинэ өнцгөөс таньж мэдэхийн тулд энэхүү аяллаа эхлүүлжээ. Чэн урьд нь Лхас хотод хоёр удаа очиж байсан ч,  энэ удаа Мишү нохойгоо аяллын хамтрагчаараа сонгосон нь энэ юм.
“Энэ аялал миний хувьд хамгийн мартагдашгүй дурсамж байх болно” гэж тэрээр өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ. Аяллын үеэр Чэн цаг агаар, замын нөхцөл, бие махбодийн байдал болон бусад хүчин зүйлсийг нарийн тооцоолсон байна. Тэд өдөрт дунджаар 25 км алхаж байгаа ажээ.  Чэн, Мишү хоёр  хамтдаа өвс ногоо гаталж, тал дүүрэн бэлчих мал сүргийн араас хөөцөлдөн тоглож, одод тэнгэрийг ширтэж, олон сайхан дурсамж бүтээж байгаа талаар тэрээр мөн онцолсон байна.
Чэн аялалын явцад таарсан үзэсгэлэнт газруудад Мишү нохойгоо яг л модел мэт зургийг нь авч, богино хэмжээний бичлэгүүд хийж, Douyin аппликэйшн дээр байрлуулснаар олон мянган интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэднээс урам зориг, эрч хүч авсан байна.
Аялагч залуу Мишү нохойгоо зутраахгүйн тулд, гутал хувцас, хоол хүнсийг нь хангалттай базаажээ. 70 гаруй хоног явган аялал хийсний дараа Чэний жин 81.5 кг-аас 71.5 кг болж буурсан байна. Харин түүний үнэнч анд Мишү 25 кг жингээ хадгалсан хэвээр байгаа ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр