CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс хамгийн их тарвас тариалдаг

07-25-2019 13:56

Хятадад жимс жимсгэний үнэ улирлын чанартай хэлбэлзэж байдаг ч энэ жилийн хувьд жимсний үнэ харьцангуй их байгаад хэрэглэгчид бухимдалтай байна. Үнийн өсөлт хэрэглэгчдийн сэтгэлзүйд тун таагүй нөлөөлж байгаа нь цахим сүлжээнд үлдээсэн сэтгэгдлүүдээс илэрхий.
Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд мэдээлснээр энэ оны зургаан сард барааны үнэ дунджаар 2,7 хувиар нэмэгдсэн бөгөөд үнэ өссөн нийт бараа бүтээгдэхүүний 42,7 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ аж. Таван сартай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ 16 нэгжээр нэмэгдсэн нь хэрэглэгчийн үнийн индексийг 0,71 нэгжээр өсгөжээ.
Жимс жимсгэнэ дундаа зуны улирлын бэлгэдэл болсон тарвас нь алим, лийрээс илүү эрэлттэй, хятадуудын хувьд энэ жил хамгийн их идэж байгаа жимс юм.


 Хятадууд энэ жил маш их тарвас хэрэглэж байна


Энэ жил сайн борлуулалттай байгаа жимс жимсгэнэ гэвэл тарвас юм. Судалгаанаас үзэхэд хятадууд 7, 8 сард тарвас түлхүү хэрэглэх нь тодорхой харагдаж байна. Тарвас нь жимсний хэрэглээний 60 хувийг эзлэх төлөвтэй бөгөөд энэ тоо цаашдаа ч өсөх магадлалтай юм.
Энэ жил тарвасны үнэ өссөн ч бусад жимс жимсгэнэтэй харьцуулахад харьцангуй бага хувиар нэмэгджээ.
ХАА хөгжлийн яамны цахим хуудсанд мэдээлснээр энэ жилийн зургаан сард алим, лийрийн үнэ ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн бол гадил, тарвасны үнэ буурч, тэр дундаа тарвас хамгийн хямд үнэтэй байгаа аж. Дэлгүүрүүдэд хагас кг алим, кг хагас тарвас хоёр адилхан үнэтэй, хагас хил лийр, мөн төдий хэмжээний жүрж авах мөнгөөр бараг хоёр кг тарвас авах боломжтой байна.
Сүүлийн гурван жил жимсний бөөний үнэ ихээхэн хэлбэлзэж байгаа ч тарвасны хэмжээ нэмэгдсэнтэй холбогдоод үнэ нь 7, 8 сардаа буурсаар байх төлөвтэй аж.
ХАА хөгжлийн яамны хөгжил, төлөвлөлтийн хэлтсийн дарга Вэй Байган хэвлэл мэдээллийн хурлын үеэр алим, лийр ургуулдаг бүсийн цаг агаар хүйтэрсэнтэй холбогдоод эдгээр жимсний үнэ өссөн тухай мэдээлжээ. Тарвасны тухайд нийлүүлэлтийн хэмжээ өсөж байгаа учраас үнэ нь буурч, хамгийн их хэрэглээтэй жимс болжээ.
Бусад орны хэрэглэгчид тарвас хэр иддэг вэ
Зундаа шинэхэн тарвас амтлах боломжтой хятадуудтай харьцуулахад бусад улс орны иргэд ийм боломж тааруу.
Жишээ нь, Солонгос, Японд тарвасны үнэ тэнгэрт хадсан тухай мэдээллийг цахим сүлжээнээс олж уншиж болно. Японы хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр Кагава тойрогт дөрвөлжин тарвас ширхэг нь 10 000 иен буюу 637 юанийн үнэтэй байна.
ХАА, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг мэдээлдэг TRIDE сүлжээнд Хятадад 7-р сарын эхээр тарвасны бөөний үнэ хил тутамдаа 2,79 юань байсан бол Солонгос, Японд 11 юаньтай тэнцэж байна.


Хятадад тарвас хямд байгаа нь тарвасны тоо хэмжээтэй шууд холбоотой


1981 онд Хятадад ургуулсан жимс жимсгэний 22,7 хувь нь тарвас байсан бол 1991 онд энэ хэмжээ 33,5 хувь хүртэл нэмэгдэж, 2001 онд даруй 69,хувьтай тэнцэх болжээ. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтмол 60 хувиас дээгүүр байна.
Хятад нь хамгийн их тарвас ургуулдаг орон бөгөөд зарим муж бүхэл бүтэн тивд ургуулдгаас ч илүү тарвас тарьж хураадаг байна. Жишээ нь, Хэнань мужид Америкаас даруй гурав дахин их тарвас хураадаг гэсэн тоо баримт бий.
НҮБ-ийн Хүнс, ХАА-н байгууллагын мэдээллээр 2016 онд Хятадад нийт 79 269 592 тонн тарвас хурааж, 234 724 тонн тарвас импортолж, 30 968 тонн тарвас экспортолжээ. Онолын хувьд Хятад жилдээ зах зээлд 70 сая тонн тарвас нийлүүлэх боломжтой юм.


Тарвас хаа сайгүй ургана


Хятадад тарвас хямд үнэтэйгээс гадна хаана ч олдоц сайтай. Нутаг нутгийн тарвас өөр өөрийн гэсэн онцлогтой.
ХАА хөгжлийн яамны статистик мэдээнээс үзвэл тус улсын 31 тойрогт тарвас тариалдаг бөгөөд тэр дундаа Хэнань, Шаньдун муж хамгийн их тарвас нийлүүлдэг аж.
Хятадын газарзүй, цаг агаарын онцлог байдал ч төрөл бүрийн тарвас тариалахад эерэгээр нөлөөлж, хэрэглэгчдэд өргөн дэлгэр сонголт өгдөг байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр