CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин, Шинзо Абэ нар арван зүйлийн зөвшилцөлд хүрэв

06-28-2019 11:33

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар 27-нд Осака хотноо уулзсаны дараа Хятадын ГХЯ-ны Азийн хэлтсийн дарга Ү Жянхао сэтгүүлчдэд хандан, “Хятад, Японы харилцаа ерөнхийдөө нааштай хөгжиж байгаа боловч хоёр талын хооронд санал зөрөлдөөн оршсоор байна. Хоёр тал нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, санал зөрөлдөөнөө сайтар хянан, хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг хамтдаа ахиулах ёстой хэмээн удирдагчид санал нэгтэй үзлээ” хэмээн мэдэгдэв.

Ү Жянхаогийн танилцуулснаар, хоёр орны удирдагчид дараах арван талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Тодруулбал:

Нэг. Хоёр орны удирдагчид Хятад, Японы харилцааны өнөөгийн хөгжлийн хандлагыг өндрөөр үнэлжээ. Дэлхий дахинд зуун жилд тохиохгүй их өөрчлөлтөд тулгарч, Хятад, Японы аль аль нь хөгжлийн шинэ эринийг угтан, нийтлэг ашиг сонирхол улам нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж нээж байна. Тиймээс хамтран зүтгэж, цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцааг хөгжүүлэхийг хичээх ёстой гэж санал нэгтэй үзжээ.

Хоёр. Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмуудыг чанд мөрдөн, харилцан хамтын ажиллагааны түнш байж, харилцан заналхийлэхгүй байх улс төрийн нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Японы харилцааг зөв замаар үргэлжлэн урагшлуулахаа хоёр орны удирдагчид дахин нотоллоо.

Гурав. Зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэхийг хоёр орны удирдагчид хүлээн зөвшөөрлөө. Ерөнхий сайд Абе Шинзо Японы засгийн газрын өмнөөс Ши Жиньпин даргыг ирэх оны хавар Япон улсад төрийн айлчлал хийхийг урьсныг Ши Жиньпин дарга зарчмын хувьд хүлээж авлаа. Айлчлалын бодит цаг хугацаа, боломжийн талаар судалж зөвшилцөхийг хоёр орны гадаад харилцааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Дөрөв. Хоёр орны ашиг сонирхлын уялдаа нэгдлийг улам гүнзгийрүүлж, технологи, инновац, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрүүл мэнд, өндөр насны асрамж, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр хоёр орны удирдагчид тохиролцлоо. Бүс ба зам бол олон ургальч бүс нутгуудыг холбох хөгжлийн маш өргөн нөөц боломжтой санаачилга гэж Японы тал үзсэн бол Бүс ба замын бүтээн байгуулалтад Япон улс идэвхтэй оролцохыг сайшаан дэмжихээ Хятадын тал мэдэгдсэн юм. Мөн хоёр тал гуравдагч зах зээл дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүд харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, голч шударга, гадуурхалгүй, төсөөлж болохуйц бизнесийн орчин бүрдүүлж ажиллахыг онцолжээ.

Тав. Хятад, Японы аль аль нь Азийн соёл иргэншлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэгч болохоор Азийн соёлын хөгжлийн ололт амжилтыг залгамжлан хөгжүүлж, өөр өөр соёл хоорондоо эрх тэгш яриа хэлцэл хийж, туршлага судлахыг дэмжиж ажиллахыг хоёр орны удирдагчид чухалчлаад, гүн зузаан түүх соёлоор гүүр болгож, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлэх ёстой хэмээн үзлээ. Мөн энэ ондоо багтаан Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны дээд түвшний зөвшилцлийн механизмыг ажиллуулахаар хоёр орны удирдагчид шийдсэн байна.

Зургаа. Хятад, Японы иргэдийн найрсаг солилцоог идэвхтэй ахиулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг хоёр орны удирдагчид санал нэгтэй зөвшөөрлөө. Хоёр тал энэ онд зохиогдох “Хятад, Японы хүүхэд залуучуудын солилцоог ахиулах жил”-ийн арга хэмжээний боломжийг ашиглан, баялаг агуулгатай, олон ургальч солилцоо өрнүүлж, өсвөр үеийнхний найрамдлыг бэхжүүлнэ.

Долоо. Хятад, Японы энх тайван хөгжлийн замыг баримталж, энх тайванч хөгжлийн түнш болохыг хоёр орны удирдагчид онцоллоо. Хоёр тал аюулгүйн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны аюулгүйн салбарын бүтээлч харилцааг идэвхтэй хөгжүүлэн, стратегийн харилцан ашигтай, харилцан итгэлцлийг шат дараатай бүрдүүлэх хэрэгтэй. Хоёр тал дипломат харилцаа, аюулгүйн салбарын яриа хэлцлийг үргэлжлэн эрчимжүүлэхэд санал нэгдсэн байна.

Найм. Эмзэг асуудлыг эвээр зохицуулж, санал зөрөлдөөнөө бүтээлчээр хянаж зохицуулахыг хоёр орны удирдагчид зөвшөөрлөө. Хоёр тал Зүүн тэнгисийн асуудлаарх зарчмын чанартай нийтлэг ойлголтыг үргэлжлэн сайтар хэрэгжүүлж, Зүүн тэнгисийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, энх тайван, хамтран ажилласан, найрсаг тэнгисийн бүс болгохыг хичээнэ.

Ес. Хятад, Японы аль аль нь Азийн чухал улс орон, дэлхийн эдийн засгийн гол цогцын хувьд олон талт үзэл, чөлөөт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, бүс нутгийн интегралчлалыг идэвхтэй ахиулан, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалт, улс орнуудын хамтын хөгжилд түлхэц өгөх ёстой. Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжил, глобал засаглалын тогтолцооны бүтээн байгуулалт дахь Их хорийн чухал үүргийг дайчилж, Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлцлийг түргэтгэн, энэ ондоо багтаан бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр байгуулахаар хичээн ажиллахыг хоёр тал зөвшөөрсөн байна.

Арав. Хятад, Япон олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй биелүүлж, даяаршсан өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулан, хөгжлийг ахиулах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, зэвсэглэлийг хорогдуулах, эрүүл мэнд зэрэг салбарын олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлэх ёстой гэж хоёр орны удирдагчид үзсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр