CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Далайн гүний нэн ховор амьтан илрүүлжээ

05-28-2019 16:46

Номхон далайн баруун хэсэгт гүний судалгаа хийж буй Хятадын ажиглалт, судалгааны KEXUE нэрт шумбагч төхөөрөмж тэр бүр хүний нүдэнд өртдөггүй далайн гүний маш ховор төрлийн хоёр нялцгай биетийг илрүүлсэн байна. Шумбагчийг ажиллуулж буй багийн ахлагч, Хятадын Шинжлэх ухааны академийн судлаач Шю Күйдуний хэлснээр ийм төрлийн нялцгай биет далайн ёроолд 200 гаруй метрээс гүн хэсэгт тааралдах нь бий ч дээрх шумбагчийн илрүүлсэн шиг 970 метрийн гүнээс өмнө нь олдож байгаагүй аж. Цагаан зүстэй, ягаавтар өнгийн толгойтой уг хоёр амьтан хоёулаа ойролцоогоор таван см урт, хоёр см өргөн бөгөөд гаднын биет хүрэхэд биеэ хумиж, улам жижигхэн болдог байна.
Далайн гүний нялцгай биетнүүд далайн хясаа, нальхан хорхой, тэнгисийн өргөст хэмх зэрэг амьтад багтдаг овгийнх агаад хувьслын нөлөөгөөр хатуу хальст хуягаа цагийн явцад гээжээ. Халуун дулаан бүсийн далай тэнгисийн ёроолд амьдардаг гэх нийт 3000 гаруй төрөл зүйлийн нялцгай биет одоогоор бүртгэгдээд байгаа аж. Номхон далайн зүүн хойд хэсэгт элбэг байдаг уг амьтан өмнө нь Номхон далайн баруун хэсгээс олдож байгаагүй тухай Хятадын эрдэмтэд онцолжээ.
Хятадын гүний шумбагч төхөөрөмж дээрх амьтдаас гадна шүр, хясаа, сам хорхой зэрэг 60-аад зүйлийн ургамал, амьтан илрүүлээд байна. KEXUE шумбагч дэлхийн хамгийн гүн газар болох Номхон далай дахь Марианы хонхорын өмнөд хэсэгт 20 хоногийн ажиглалт, судалгаа хийж байгаа юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр