CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжингийн метро

11-02-2017 18:03

Бээжингийн метро нь дэлхийн хамгийн урт хоёр дахь метроны систем юм. Жилд  3.6 тэрбум, өдөрт дунджаар 9.9 сая хүн зорчдог бөгөөд 19 чиглэл, 345 зогсоол, 574 км урт замтай. Бээжингийн метро анх 1969 онд нээгдэж, 2002 оноос хойш маш хурдацтайгаар өргөжин тэлж байгаа бөгөөд өмнө нь зөвхөн хоёр шугам ажиллаж байжээ. 2008 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш Бээжин хот метрондоо эрс анхаарч, ихээхэн хөрөнгө хаяж, өргөжүүлэх төлөвлөгөөгөө түргэсгэсэн юм.

 Бээжингийн метроны өргөтгөлийн төлөвлөгөөнд 2020 он гэхэд өдөр бүр 18.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ. Мөн Бээжин одоогоор дотооддоо боловсруулсан холболттой галт тэрэгний хяналтын систем ашиглан 300 км урттай зургаан шинэ бүрэн автомат шугамыг барьж байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн урт бүрэн автоматжуулсан метроны сүлжээ болох юм. Одоо харин Бээжингийн метрогоор хэрхэн зорчих талаар багахан зөвлөмж өгье. Юуны өмнө та гар утсандаа бээжингийн метроны АРР-ыг татах хэрэгтэй. Үүний дараа хамгийн ойр буй буудлаас метроны карт авах шаардлагатай. Эцэст нь та хаанаас хаа хүрэхээ зурган дээрээсээ хараад л метрондоо суучихна. Миний бодлоор Бээжингийн метро маш энгийн бүтэцтэй ойлгоход хялбархан. Тасалбарын үнийн хувьд :
6 км дотор: 3 юань
6 -12 км: 4 юань
12 -22 км: 5 юань
22 - 32 км: 6 юань
Бээжингийн нисэх онгоцны буудал хүрэхэд: 25 юань
Бээжингийн метроны зургийг ажиглахад тойрог болон хойд талаас өмнө тийшээ баруунаас зүүн тийшээ гэсэн байдлаар зохион байгуулагдсан байдаг. Хамгийн дотор талын тойрог нь хотын төвд буюу Тянь Ань Мэний талбай тойрсон 2-р чиглэл  юм. Түүний гадна талаар тойроод метроны 10-р чиглэл байдаг. Энэ чиглэл дээр Дахоньмэны буудал байдаг учраас манай монголчууд сайн мэдэх байх. Мөн энэ чиглэлд ихэнх их сургууль, томоохон зах үйлчилгээний төвүүд байдаг учраас Бээжингийн хамгийн чухал метроны чиглэл юм. 15, 6, 1, 7, гэсэн баруунаас зүүн рүү чиглэсэн, 16, 4, 9, 8, 5, 14, гэсэн хойноос урагшаа чиглэсэн шугамнууд байдаг.   Миний бодлоор Бээжинд хятад хэл сайн мэдэхгүй хүнд  хамгийн тохиромжтой унаа бол метро гэж боддог. Суухад цэвэрхэн, хаанаас хаа хүрсэн ч маш хурдан. Бага зэрэг анхаарах зүйл бол та метроны чиглэлээ солихдоо шугамаа андуурахгүй байх явдал юм.
                                                                      Ц.Цэдэн-Иш 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100