CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Үзэсгэлэнт Гуйлингийн Бээжин дэхь хувилбар Лончин хавцал

10-16-2017 18:29

 Бээжин хотоор аялах тухай ярихаар  Хориотой хот, Шувууны үүр, зах худалдааны төвүүд гээд л үзэх газрууд ерөнхийдөө шувтарчих шиг санагддаг. Зарим аялагчид бүр Хятадын хамгийн сонирхолгүй хот гэж ам бардам нэрлэчихсэн байхыг ч харж байлаа. Үгүй шүү, ёстой үгүй. Энэ хотод хоёр жилийг хэдийнээ үдсэн хэрнээ очоогүй газар тоо томшгүй байсаар байна. Үүний нэг нь Лончин хавцал. Гоё мэдээ нь очоод үзчихсэн шүү.
Хятадын урд хэсгийн газар нутаг үзэсгэлэнт байгалиараа шагшигддаг. Зүйл бүрийн ургамал цэцэгсээр өвч бүрхэгдэж, өнгө өнгөөр солонгорсон ой мод, орой нь үүлэн дунд умбасан сүрлэг уулс, уулсын дундуур мяралзан цэлэлзэх гол горхи, нуур ус. Байгаль эхийн бүтээсэн энэ үзэсгэлэнгийн оргил болох Гуйлин Бээжингээс 80-хан км-ийн зайд байна гээд төсөөл дөө. Ийм л газар.

 Бид өглөө 9 цагт Бээжингээс хөдлөөд 11 цаг орчимд зорьсон газраа ирсэн. Бээжингээс цаг 30 мин орчим яваад л хүрчихдэг боловч тухайн үед зам дээр гарсан нөхцөл байдлын улмаас оройтсон нь энэ юм. Хаалгаар ороод л байгалийн сайхныг бишрэн дуу алдаж эхэллээ. Салхины аясаар хөдөлдөг хөгжилтэй сэнснүүдтэй бяцхан цэцэрлэг, хиймэл цөөрөм, цөөрөм дундах модон гүүр, усан тээрэм, үдэлж цай уухад зориулсан саравчнуудтай нэг л тайван амгалан орчин угтан авсан.

Цаашлаад аварга том лууны амаар орж урсдаг шатаар хэдэнтээ зорчсоны эцэст яг л зорьж, хүлээж байсан 20 юанийн дэвсгэрт дээрхи Гуйлингийн үзэсгэлэнт уулстай яг адилхан хавцлын аман дээр ирлээ. Эндээс завинд суугаад хавцал дундуур зугаалав. Энэ аялалын оргил хэсэг яг энэ л байсан. Сүрлэг уулсын дундуур 40 мин орчим завиар аялаж ахуйд толгой дахь бүх бодол хийсэн одож, байгальд уусаж байх шиг л санагдсан. 

 Байгалийн сайханд автан хөвсөөр дараагийн зогсоолдоо ирсэн нь аялалд адал явдал нэмдэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийн төв цэг байлаа. Bungee jumping, ziplining, уулын орой дахь гоёмсог саравчийг зорин очиж зургаа авахуулах, хадны ирмэгээр алхах, бүр аварга цагаан могойг мөрөн дээрээ суулгаж үзэж ч болно. Олон аялагч 48 метрийн өндөр хавцал дээрээс нуруундаа бэхэлсэн бэхэлгээнд л найдаж ус рүү үсрэх чамгүй зориг шаардсан Bungee jumping хийхийг хүсэж байсан ч хаалттай байсан нь жаахан гонсойлгосон. Зөвхөн зун л ажилладаг юм байна лээ.

Ингээд буцахдаа мөн л завиар явж эсрэг талын зогсоол дээр буусан. Эндээс Хятаддаа хамгийн уртад тооцогдож байсан 458 метр урт кабель картаар уулын оройд гарч үзэж болно. Мөн 1600 гаруй төрлийн хиймэл ургамал, цэцэгсээр чимэглэгдсэн “Цэцэгсийн агуй”-д орж үзэж болно. 

 Бидний зарим нь уулыг нүхэлж зассан хонгил дундуур алхсаар гулгалт sliding хийх цэгийг зорьсон. Ингээд бид тусгайлан зассан хонгил дундуур гулгасаар уулын бэлд ирснээр нэг өдрийн дурсамжит аялалаа өндөрлөсөн юм.
Аяллыг Хятадын үндэсний баярын амралтаар Бээжин хот дахь Монголын Оюутны холбооноос зохион байгуулсан. Хэдийгээр яг энэ үе аялал жуулчлалын оргил үе, хүн бүр л өөр газар, мужийг зорьцгоосон байсан ч Бээжинд үлдсэн бидний хэсэг нөхөд тэднээс дутахгүй гоё аяллын дурсамжтай болсон гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.  
                                                                                      Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100