CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Өвлөөс дайжиж Өмнөд Азиар аялсан тэмдэглэл

02-20-2017 18:35

 Бээжинд хэдийнээ өвөл ирж, төрөлх Монголоос минь дутахгүй жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байлаа.  Гэтэл өмнө тийш хэдхэн өдрийн зайд дал мод найгаж, далайн хөнгөн салхи сэвэгнэж буй мөнхийн зунаараа улс орнууд бий гэж бодох тутам сэтгэл үл тогтож,  байж сууж чадсангүй. Ингээд би аялалдаа гарсан юм. Миний аялал Лаос-Тайланд-Камбож гэсэн маршрутаар үргэлжилсэн.

Сая сая заан, цагаан шүхрийн орон ба Лаос
 Лаос нь Хятадын өмнөд хэсгийн Юньнань мужтай хил залгаа Зүүн өмнөд Азийн далайд гарцгүй цорын ганц улс. Нэгэн цагт Францын колони байсан учраас барилга байгууламж, хоол хүнс, өдөр тутмын амьдралаас нь франц үнэр ханхийдаг. Улсын нэршил  нь маш их сонирхолтой утга бүхий, “Сая сая заан, цагаан шүхрийн орон”гэгддэг. Нийт 6,5 сая гаруй хүн амтай, бүтэн нэг зууны турш өөрчлөгдөөгүй онгон дагшин байгаль, дуу алдам үзэмжит гол мөрөнтэй, тайван амгалан улс орон гэсэн ийм л ойлголттойгоор би Лаосыг зорьсон. Аялалын маань эхний зогсоол Луанг Прабанг хот байлаа.
 Луанг Прабанг нь Азийн хамгийн том Мекон гол болон Нам хан голын эрэг дээр оршдог, үзэсгэлэнт байгаль, буддын сүм хийдүүдээрээ алдартай хот. Би Хятадын Мохан хилийн боомтоор гарч, оройн 19 цагийн үед Луан Прабанд ирсэн. Автобусны буудлаас зүүн Азийн улс орнуудын онцгой унаа болох Түк Түкээр буудалдаа хүргүүллээ. Автобусанд танилцсан хятад найзуудтайгаа бөөнөөрөө нэг Түк Түкэнд сууж аваад олуулаа байгаагаа ашиглаж үнийг нь буулгахаа ч мартсангүй. 

  

 Миний аялалын анхны төлөвлөгөө өөрчлөгдөж, Лаост ирсэн болохоор буудлаа захиалж амжаагүй байлаа. Гэтэл яг Хятадын цагаан сартай давхцсан болохоор хятад жуулчид ид бужигнаж, буудлын өрөө олдохгүй нэг хэсэг байр хайж явав. Азаар нэг буудалд ажилладаг Пакистан өөрийнхөө амьдардаг өрөөг суллаж өгснөөр гадаа хонох дээрээ тулаад байсан би аврагдлаа. Бүр үнэгүй шүү. Ингээд ачаагаа цэгцэлж, шинэхэн танилынхаа өрөөнд тухалж аваад “Найт маркет” буюу жуулчдад зориулсан шөнийн худалдааны төв орж, нутгийн хоол амталлаа. Лаосын онцлог хоол нь гоймонтой шөл, наалдамхай будаа гэж монголчилж болмоор чихэртэй будаа. Найт маркетаас төрөл бүрийн шарсан загас, шорлог, буфет хоол ч олж болно. Мөн халуун орны төрөл бүрийн жимсний шэйк, кокос жимсний ундааг заавал амталж үзэх хэрэгтэй.

 Луанг Прабанг нь ЮНЭСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн эртний хот, түүхэндээ Лаосын нийслэл байсан гэдгээрээ онцлог. Тиймээс үзэх харах юм ихтэй. Хааны ордон, Поу Си уул, уран нарийн хийцтэй сүм хийдүүдийг сонирхохын зэрэгцээ, Алдарт Мэконг голын эргээр зугаалах гэхчилэн зөвхөн энэ жижигхэн хотыг үзэхэд  бүтэн өдөр ч үл хүрэлцэх аж. Мөн нутгийн хийдийн лам нар өглөө болгон сүсэгтэн олноос өргөл авдаг, нэн сонирхолтой зан үйлтэй юм байна. Өглөө үүрээр сүсэгтэнүүд олон эгнээ бүхий хийдүүдийн өмнөх  зам дагуу хоол хүнс барин сууж, лам нар гарч ирэн тэр өргөл барьцыг нь хүлээж авдаг. Үүрийн харанхуйгаас нар мандтал бараг 2 цаг шахуу үргэлжилдэг энэ зан үйлд жуулчид ч дуртайяа оролцдог юм байна.

  

 Хамгийн үзэсгэлэнтэй газар нь гэж жуулчид дуу нэгтэйгээр зөвшөөрдөг Куан Си хүрхрээ нь хотоос 30 орчим км зайд бий.  Номин өнгөөр туяарах цэнгэг ус, байгалийн үзэмжит тогтоцыг хараад бишрэхгүй байхын аргагүй. Хүсвэл сэлж, шумбаж өдөржингөө цэнгэсэн ч болно. Мөн энд Баавгай хамгаалах төвийн бяцхан бамбаруушуудыг харж, заан унан, үзэсгэлэнт цэцэгс бүхий эрвээхэйн цэцэрлэгээр зугаалж, басхүү нэг метрийн урттай хамгийн том агуйг үзэнгээ цэнгэг усанд сэлэх гээд байгалийн сайханд нэг өдрийг таатай сайхан өнгөрүүлж болно.

  

 Үзэсгэлэнт Луан Прабанд 2 өдөр болсны дараа Ван Виен хотыг зорилоо. Энэ хот нь харьцангуй залуу, спортлог, эрч хүчтэй хот. Энд хаданд авиралт, зиплайнинг буюу олстой нисэлт, сэлүүрт завиар зугаалах, усан доторхи агуйд сэлэх гээд төрөл бүрийн сонирхолтой зүйлс хийж болно. Миний хувьд анх удаа жинхэнэ байгалийн хаданд авирч, 6 метрийн өндрөөс ус руу үсэрч, өндөр өндөр уул хооронд олстой ниссэн гээд л үнэхээр амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг хийж, хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдэрч чадсан.Үнэхээр гайхалтай.  Энэ бүхнийг Азидаа хамгийн хямдаар хийж үзэж болох газар нь ганцхан энэ Ван Виен хот гэсэн шүү.

 Дараагийн зогсоол нийслэл Вьентъян. 650,000 орчим хүн амтай, Меконг голын эрэг дээр орших Азийн хамгийн жижигхэн нийслэл хот. Мэдээж, нийслэл хот учраас үзэх харах юм ихтэй. Хааны ордон нь буддын сүм хийдийн загвар болон Францын барилга байгууламжийн онцлогийг хослуулсан өвөрмөц загвартай. Хотын төв цэгт орших Трумпал Арч хаалга нь Францын алдарт дөрвөн хаалганы нэгд тооцогддог, Францын засгийн газрын хамгаалалтад байдаг гоёмсог байгууламж аж.

 Мөн Луан суварга нь цэвэр алтаар бүрсэн буддын шашны хамгийн том суварга гэдгээрээ алдартай.

 Хотоос  25 км-ийн зайд байх “Будда хүрээлэн” буюу Шиенг Куан хүрээлэн их сонирхолтой. 1958 онд байгуулсан энэ хүрээлэнд 40 метрийн өндөртэй Буддагийн баримал, 4 метрийн өндөртэй, дотроо диваажин, ертөнц, тамын орныг дүрсэлсэн гурван давхар аварга том хулуу, гурван толгойтой заан гээд 200 гаруй хиндү болон буддын шашны холбогдолтой хөшөө, баримал бий.

 Мөн Лао үндэсний музейг нь үзэх хэрэгтэй санагдсан. Францын колони байсан, эрх чөлөөгөө олж авахын тулд хүүхдүүд хүртэл дайнд оролцож хэрхэн тэмцсэн, Вьетнамын дайны үед Америкийн бөмбөгдөлтөд хамгийн аймшигтайгаар өртөж 50,000 гаруй хүнээ алдсан гээд ийм их зовлон үзсэн хэрнээ тааралдсан Лао хүн бүр найрсаг, инээмсэглэсэн хүмүүс байсныг гайхаж, хүндлэх сэтгэл төрж байлаа.

 Энд хүрээд үзэсгэлэнт байгальтай,  найрсаг дотно ард түмэнтэй, тайван сайхан Лаос орноор аялсан аялал маань төгссөн. Дараагийн тэмдэглэл Тайланд.

Н.Батчимэг

 

                                                                                 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100