CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Галт эм”

11-28-2016 18:19

Эртний соёлт Хятадын ард түмэн хүн төрөлхтөнд дөрвөн их нээлт хийж өгсний нэг нь дарь хийх арга ухаан юм. Дарийг нээснээр дэлхийн түүхэнд ямар их өөрчлөлт гарч, хүний ертөнцөд хэр зэрэг гай гамшиг, хөгжил дэвшил авчирсныг хэн бүхэн төвөггүй ойлгох биз ээ. Дарийн тухай ярихаар юун түрүүнд тэсрэх, дэлбэрэх тухай санаанд ордог. Харин “эм бэлдмэл”-тэй холбож бодох нь цөөн болов уу. Хятад хүмүүс дарийг “галт эм” хэмээдгийн учир бол дарийг анх цэрэг дайны салбарт бус харин анагаах ухаанд ашиглаж байжээ.

1000 гаруй жилийн өмнө аж төрж асан Хятадын эртний хаад ноёд үхэлгүй мөнхийн хутаг олохын мөрөөдөлд автдаг байжээ. Тэр үед бомбын шашны алхимичид мөнхийн рашаан бүтээх гэж элдэв туршилт хийдэг байв. Тэд мөнхийн рашаан бүтээж чадаагүй нь мэдээж хэрэг боловч судалгааныхаа явцад химийн мэдлэг чамгүй хуримтлуулжээ. Ингээд догшин шүү, хүхэр, модны нүүрсийг зохих харьцаагаар холиход нүд ирмэх зуур шатаж дэлбэрдгийг санаандгүй олж мэдсэн байна. Эртний Хятадад догшин шүү, хүхэр зэргийг эмчилгээнд хэрэглэж байсан тул тэдгээрийг хольж найруулж гаргасан дэлбэрэгч бодис дарийг “галт эм” хэмээн нэрлэжээ. 

Дарийг анх эмийн журмаар хэрэглэж байсан бол дараа нь пуужин харвах, ёслолын буудлага хийх зориулалтаар хэрэглэдэг болов. Энэ тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт “Жил” хэмээх догшин араатан жил бүрийн сүүлчийн өдөр гарч ирж, тариан талбай сүйтгэн, хүн малыг хороодог байж гэнэ. Нэгэн удаа “Жил” өнөө л янзаараа гарч ирээд түйвээж байснаа ямар нэг юмнаас учиргүй айж цочин гэнэт зугтаан оджээ. Тэр үед нэгэн айлын үүдэнд улаан өнгийн хувцас өлгөөтэй, хүүхдүүд хулсан пуужин дэлбэлэн наадаж байсан юмсанж. Хүмүүс “Жил” улаан өнгө, дуу чимээнээс айдгийг мэдээд үүдэндээ улаан дэнлүү өлгөж, пуужин дэлбэлж их чимээ гаргах болов. Ийнхүү айл бүрээс цацрах улаан гэрэл, чих дөжрөм дуу чимээ “Жил”-ийг айлгаж дахиж гарч ирэх зүрхгүй болгосон гэдэг. 

Дарийг нээсэн цагаас нэлээд хожим Тан улсын сүүл үеэс эхэлж цэрэг дайны салбарт хэрэглэх болжээ. Умард Сүн улсын үед дайнд байлдаанд түлхүү хэрэглэж дарийг галт буу, пуужин, галт сум зэрэг зэвсэгт ашиглаж байлаа. Нийтийн тооллын 1225-1248 онд дарь болон галт зэвсэг Арабаар дамжин Европт уламжлагджээ. Дарийн гол түүхий эд нь цагаан шүү учир Арабчууд “Хятад цас”, “Хятад давс” хэмээн нэрийдэж байв. Дарь Европт дэлгэрснээр зэр зэвсгийн үйлдвэрлэлд өргөн ашиглаж эхэлсэн юм. Мөн уул уурхай малтах, зам харгуй засах, томоохон нүх ухах зэрэг янз бүрийн зорилгоор ашиглах болсноор аж үйлдвэрийн хувьслыг түргэсгэжээ.

Дарийг галтай ойртуулбал амархан тэсэрч дэлбэрэх аюултай тул хятад хэлэнд “дарь залгисан мэт уурлах”, “дарийн үнэртэй үг хэлэх” гэсэн хэлц үг бий. Дарь өдгөө хүмүүсийн амьдралд чухал хэрэгцээтэй хэвээр байна. Хятад хүмүүс сар шинийн баяр, хурим найр, байгууллагын нээлтийн ёслол зэрэг тэмдэглэлт үйл явдлын үеэр цаасан пуужин буудуулахгүй өнгөрнө гэж үгүй. Дэлхийн аль ч оронд ялангуяа олимпын нээлт хийхэд заавал салют буудуулдаг. 2008 оны Бээжингийн олимпоор өнгөрсөн бүх олимпод хэрэглэснээс 3.8 дахин их салют буудуулж рекорд тогтоосон юм.

Д.Гүнтөмөр


 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100