CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Адууны хийморьтой эр буюу “Хаус”-тай малчин

11-10-2016 15:31

/сурвалжилсан тэмдэглэл/

   ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг. Эртэй бяртай бөхчүүдээр цуутай. Шандаст хүлэг морьдоороо алдартай. Авга хар, Сөнөд, Шанд, Цэнгэл гээд л өнгө зүс, хурд хүчээрээ ялгарах угшил удмын сайхан адуу энэ л нутагт бий. Ийм л адууны өлгий нутагт, агт морьдынхоо салхин дор амьдарч яваа нэгэн эртэй уулзсан нь Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны Загастай гацаагаар нутагтай Су.Хөгжилт гуай байлаа.

   Су.Хөгжилт адуун сүргээ адгуулж, ашиг шимийн хүртэхийн зэрэгцээ аялал жуулчлал эрхэлдэг. Гурван зуу гаруй адуутай. Зуны дэлгэр цагаар 100 гаруй гүү саадаг аж. Энэ ажлын үеэрээ таван туслах малчин авдаг. Мөн жуулчдад үйлчлэх, бас бус ажилд нийтдээ 30 шахам хүнийг ажлын байраар хангаж байна. Үхэр бог цөөн тоотой. Үүх түүх, нутаг усаа сайн мэддэг эгэл жирийн адуучин эр. Гэхдээ түүнд нэг чухал чанар байна. Цаг үеэ мэдрэх ийм нэг увидас. Тэрээр малчин ч гэсэн баялаг бүтээгч. Тийм ч учраас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, чинээлэг амьдрах боломж бүрэн бий гэдэгт итгэдэг гэж ярина. Иймдээ ч энэ жил хоёр давхар” Томоо” гэгчийн хаус барьжээ. Төсвийг нь зохиохдоо доторхи засал чимэглэлийн нэг их тоогоогүй аж. Гэтэл яг байшингаа барьж дууссаны дараа хамгийн чухал хэсэг нь дотоод засал гэдгийг ойлгосон хэмээн Су.Хөгжилт гуай инээгээд энэ чинээгээрээ чамгүй мөнгө зарцуулсан гэв. Дан ганц айраг цагаа борлуулсаны ашгаар өдий хэмжээний байр сав барьж, бас бус хөрөнгө шаардсан ажил хийх ч барахгүй даваа байхаа даа гэсэн сонжсон асуултад минь: “Зөвхөн айраг цагаагаа борлуулаад жилдээ 60-70 түмэн юаны ашиг олдог” гэв. Үүнийг монгол төгрөгөнд хувиргавал ойролцоогоор 210-240 сая төгрөг аж. Чамгүй орлого. Монгол улсад энэ нэг жилийн орлогоороо 3-4 өрөө тансаг сууц өлхөн авчих нь. Лавлаад айраг цэгээгээ ямар арга замаар борлуулдаг болох талаар тодруулхад: “Арав гаруй жилийн өмнөөс айраг цагаагаа борлуулсан болохоор байнгын хэрэглэгчид бий. Борлуулалт ямар ч асуудалгүй” гэлээ. Тэднийх оргил үедээ өдөрт 500 литр шахам айраг борлуулдаг аж. Ирэх жилээс айрагаа савлаж зарах гэнэ. Эрдэмтэдтэй хамтарч ажиллаад, ямар ч байсан айраг цэгээгээ савлаад 10 гаруй хоног хадгалах арга замыг олжээ.

Олон малчин мал сүргээ өсгөж, үржүүлж баймааж үр ашгийн хүртэнэ гэх ойлголттой байдаг. Харин Су.Хөгжилт өөр бодолтой. Малыг мянгаар нь өсгөх амархан. Гэвч энэ чинээгээрээ араасаа асуудал дагуулна. Тухайлбал адууг ам хөлөөрөө зэрэг иддэг гэдэг. Ийм учраас бэлчээр гэдэг том асуудал гарч ирж байна. Бэлчээртээ тохируулахгүй хэт өсгөвөл бусдын нутаг бэлчээрийг түрээслэх хэрэг гарна. Ингэснээс цөөн тоотой ч ашиг шимийг нь бүрэн ашиглаж чадвал адуу гэдэг буянтай мал даа гэлээ. Нөгөө яриад байдаг эрчимжсэн мал аж ахуй гэдэг энэ л дээ.
Су.Хөгжилт гуайн адуу цэвэр Монгол цусных. Үзэмчин хүмүүс хэзээнээс жаргалын найман морь хэмээн шүтэж дуулж иржээ. Цоохор морийг эдийн, цагаан морийг тэнгэрийн, харыг лусын хишиг гэж үзнэ. Ийм л учраас Су.Хөгжилт гуай адуун сүргээ найман зүсмээр нь өсгөхийг хичээдэг аж. Адууны ашиг шим гэхээр дан ганц айраг цагаа биш шүү гэдгийг Су.Хөгжилт гуайн зорьж зүтгэж яваа ажлаас харж болох юм. Зундаа тэрээр жуулчны арав шахам гэр ажлуулна. Ирсэн жуулчин гийчдэд гүү саах, айраг цагаа борлуулхаас эхлээд адууны соёлтой холбоотой бүхнийг үзүүлж, нүд сэтгэлийг нь тайлахыг хичээнэ. Адуу үзээгүй нэгэнд морины цулбуур атгуулж, дөрвөн ханан дунд өссөн нөгөөд монгол ахуйг харуулахыг бодно. Аялагчид түүний жуулчны баазад ирээд идээд, унтаад, уугаад явахаас илүүтэй Монголчуудын амьдралын хэв маягийг жаахан ч гэсэн мэдрээд буцаасай гэсэн сэтгэл түүнд бий. Энэ бодлын үүднээс жуулчид хүлээн авах гэрүүдийнхээ гол хойморт монголчуудын амьдралын хэв маяг, ахуй зан заншилтай холбоотой гэр музей байгуулжээ.

Ер ь жуулчид зуны дэлгэр цагаар тал нутгийг зорих нь элбэг. Өвлийн жуулчлал бол төвөгтэй. Гэвч Сү.Хөгжилт гуай сүүлийн хоёр жил орчим өвлийн цагаар жуулчид хүлээн авч үзжээ. Өмнө ирж байсан, таньж, мэддэг хүмүүс ирэхээс бус тийм ч ашигтай биш аж. Гэвч өвлийн жуулчлал хөгжих боломжтой гэж тэр хэлнэ лээ. Адаглаад л тал нутгийн монгол адуу хэрхэн тэсвэр тэвчээртэй болохыг зураглах гэсэн гэрэл зурагчдийг яагаад  бааз дээрээ хүлээж авч болохгүй гэж хэмээн тэрээр бодолхийлсэн. Тал нутгийн үдэш, сэнгэсэн жавар, хөлөрсөн хөлөг морьд...Зөвхөн энэ агшинг  буулгах гэсэн олон зуун зураглаачид цаана чинь байна гэв. Нээрээ л Сү.Хөгжилт гуайтай уулзаж ярилцсаны дараахан”Natsonal Geographic”-2016 оны шилдгийн шилдэг гэрэл зургаар Өвөр Монгол адуучны шуурга сөрөн адуун сүргээ тууж яваа зураг шалгарсан байсан. Ганцхан энэ зураг хичнээн уран бүтээлчийг Өвөр монголын тал нутаг тийш урин дуудах бол...Үүнийг л Сү.Хөгжилт гуай хэдийнээ олж харжээ. Ийм хүнийг цаг үеэсээ түрүүлж алхдаг хүн гэж нэрлэхээс өөр юу гэх билээ.


Д.Чинзориг

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100