CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хятадын эртний түүхээр аялая

10-28-2016 16:48

Баруун Жөү, Чүньчю, Байлдаант улсын үе

Шя, Шан улсын дараа тогтсон Хятадын эртний гурав дахь төр бол Жөү улс юм. Жөү улс НТӨ 1027 онд байгуулагдаж 770 гаруй жил оршин тогтносон билээ. НТӨ 256 онд Жөү улсыг Чинь улс мөхөөжээ. Жөү улсын нийслэл зүүн тийш нүүхээс өмнөх үеийг Баруун Жөү, дараах үеийг Зүүн Жөү хэмээн түүх бичлэгт ялгаж үздэг. Зүүн Жөү улсыг Чүньчю буюу Хавар Намар улсын үе, Байлдаант улсын үе хэмээн хоёр ангилдаг.

  

Баруун Жөү улс НТӨ 1027-НТӨ 771 оныг хүртэл бараг 257 жил оршин тогтносон юм. Анхны хаан Жөү-Ү нийслэлээ Гао буюу өнөөгийн Шааньши мужийн Чан Ань хотын баруун хойд тал руу нүүлгэжээ. Түүний дараа Шан улсыг довтолж, улсаа байгуулсан байна. Дараагийн хаан Жөүчэн бага насандаа ширээнд суусан тул түүний авга Жөүгүн засгийн үйл хэргийг гартаа авчээ. Жөүгүн дотоодоо тогтворжуулсны дараа, их цэрэг дайчлан зүүн тийш аян дайн хийж, босогчдыг төвшитгөн даржээ. Жөүгүн ялалтаа бэхжүүлэх олон чухал арга хэмжээ авсан гэдэг. Жөүчэн хаан болон Жөүкан хааны үеийг түүхчид “Чэн, Каний засаглалын үе” хэмээн нэрийддэг. Жөү улсын төр засгийн хууль дүрэм нэлээд онцлогтой байснаас хамгийн чухал нь хашлага тарианы дүрэм, өвөг ёсны дүрэм, засаг баригч болон сул иргэдийн дүрэм, ёслолын хөгжмийн дүрэм байсан юм.

НТӨ 770-НТӨ 476 он бол Чүньчю буюу Хавар Намар улсын үе юм. Эдийн засаг хөгжиж хүн ам өсөхийн хэрээр том улсууд хоорондоо эрх ашгийн төлөө ширүүн тэмцэл хийж байлаа. Үүний үр дүнд нийгэмд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төмөр зэвсэг ашиглах болж, үхрээр газар хагалах арга нэвтэрч, ус ашиглалт хөгжиж, үр тарианы ургац ихэд нэмэгдсэн байна. Чүньчюгийн үед Баруун Жөү улсын улс төр, нийгмийн уламжлалт дэг журам аажмаар задрах тийшээ хандсан билээ.

Хятадын агуу их сэтгэгч, соён гэгээрүүлэгч Күнз, Чүньчюгийн сүүл үед төрсөн юм. Күнз урьдын соёл, үзэл баримтлалыг ерөнхийлөн дүгнэсний үндсэн дээр Чүньчюгийн сүүл үеийн ороо бусгаа нийгмийн байдалтай уялдуулан, ёс суртахуун, нийгэм, улс төрийн асуудлаар бүхэл бүтэн цогц систем бүхий онолын үзэл баримтлал дэвшүүлж, эртний бичиг суртлын урсгалыг үндэслэсэн билээ.

НТӨ 403-НТӨ 221 оныг Байлдаант улсын үе гэдэг. Энэ бол Зүүн Жөүгийн олон улсаас хойш, олон хөүг хэсэглэн эзэлж ноёрхсон үе билээ. Түүхэнд Байлдаант улсын үе болон Чүньчюгийн үе гэсэн ялгаа зааг байгаагүй боловч НТӨ 403 онд “Чинь улсыг гурав хувааж”, Жао, Хань, Вэй гурван улсын үеэс НТӨ 221 онд Чинь Шихуан Хятадыг нэгтгэх хүртэлх цаг хугацааг өнөөгийн түүхчид Байлдаант улсын үе хэмээн нэрийддэг. Байлдаант улсын үед Хятадын түүхэнд ихээхэн өөрчлөлт гарсан билээ. Хамгийн онцлог үйл явдал нь жижиг дунд олон хөүгийн мэдэлд байсан улсууд нэгдсээр Чинь, Чү, Янь, Хань, Жао, Вэй, Чи зэрэг томоохон долоон улс үлдсэн юм. Байлдаант улсын үеийн олон улс шинэчлэл хийсний дотор Чинь улсын Шан-Янгийн хийсэн шинэчлэл тууштай явагдаж ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг.

Байлдаант улсын үед хэдийгээр олон жил дайн дажинтай байсан боловч Хятадын эртний соёлын хөгжилд үзүүлсэн сөрөг нөлөө харьцангуй бага байжээ. Энэ үед нийгмийн хүрээнд шинэ давхарга бүрэлдсэн юм. Эрдэм соёл эзэмшсэн явдал нь Байлдаант улсын үеийн гол онцлог бөгөөд шинээр мандсан давхаргын нийгэмд үзүүлсэн нөлөө эрдэм соёлыг улам хөгжүүлсэн билээ. Энэ үед Хятадын эртний үзэл сэтгэлгээ, соёл Хятадын эртний түүхэнд оргилдоо хүрсэн юм. Күнз, Мэнз зэрэг бичгийн мэргэд, Лаоз, Жуанз, Лез зэрэг бомбын шашны зүтгэлтэн, Ханьфэй зэрэг хуулийн эрдэмтэн, Мөз зэрэг онолчдыг хожмын хүмүүс ихэд хүндэтгэдэг билээ. Эдгээр урсгал бий болсон нь Байлдаант улсын үзэл сэтгэлгээний хүрээнд “Цэцэг бүхнийг зэрэг дэлгэрүүлж, эрдэмтэн бүхнийг чөлөөтэй яриулсан” явдал болсон байна. Эдгээр суутнууд тухайн үеийн улс төр, эдийн засагт зохих хувь нэмэр оруулсан төдийгүй өнөөг хүртэл нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд Хятадын философийн үзэл сэтгэлгээний түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн юм.

НТӨ 230 онд Чинь улсын хаан Инжэн аян дайнаа эхлүүлж, есөн жилийн дотор зургаан улсыг мөхөөж НТӨ 221 онд бүх Хятадыг нэгтгэжээ. Тэр үеэс Хятад оронд зургаан зуу шахам жил үргэлжилсэн тархай бутархай байдал дуусгавар болсон билээ.

                                                                                               Д.Гүнтөмөр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100