CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Тэгш өнцөгт “Монгол гэр” зохион бүтээжээ

10-26-2016 15:11

Саяхан болж өнгөрсөн Бээжингийн Монголчуудын наадмын үеэр нэгэн шинэ загварын “Монгол гэр” олны анхаарлыг ихэд татлаа.
Энэхүү гэр нь уламжлалт монгол гэрийн бүтцийг өөрчилж, орчин үеийн орон сууцын элементийг шигтгэж, орон зай, багтаамж, бүтцийг шинэчилсэнээрээ онцлог харагдаж байсан юм. Гаднаас нь харахад монгол гэрийн үндсэн хэлбэрийн зарим хэсгийг тэгш өнцөгт болгосон бол гэрийн доторхи уламжлалт хэв маягт ч багагүй шинэчлэл хийжээ. Тухайлбал шинэ загварын гэр нь хоёр давхар төдийгүй, ямар ч  зориулалтаар ашиглах боломжтой хоёр өрөөтэй. Түүнчлэн Монгол гэрийн хана, унь, туурга, дээвэр зэрэг үндсэн бүтцээс гадна орчин үеийн барилгын элемент болох хаалга, шатыг энэхүү шинэ загварт нэмж тусгажээ. Дээврийг бороо цасны усыг дахин ашиглах боломжтойгоор хийсэн бол гэрийн тойрог хэлбэрийг тодорхой хэмжээнд өөрчилсөн нь ор тавилга зэрэг тэгш өнцөгт эд материалыг байршуулхад зохицуулагдсан гэж тус гэрийг зохион бүтээсэн М.Нандин энэ үеэр олон нийтэд танилцуулж байлаа.
 Тэрээр: “Уламжлалт монгол гэр нь барьж буулгахад авсаархан хурдан байдаг. Тэгвэл шинэ загварын гэрийг хурдан шуурхай барьж буулгах боломжтой. Гагцхүү өнөөгийн амьдралын хэмнэлд зориулж зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал хэрэглэгчдийн сайн мэдэх, хэрэглэх ашиглахад хялбар IKEA брендийн тавилга хэрэгсэлтэй энэхүү гэрийг адилтгаж болох юм” гэлээ.
М.Нандин өнгөрсөн 8-р сард Монгол улсад очихдоо энэхүү уламжлалт монгол гэрийг өөрчлөх санааг анх олжээ. Тэрээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хараад энэхүү шинэ загварын гэрийг анх зохион бүтээх талаар бодож эхэлсэн. Учир нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт хамгийн сайн зохицсон уламжлалт гэр нь хотын суурьшмал амьдралд нийцэхгүй байгаа нь харагдаж байсан. Тиймээс л надад монгол гэрийг шинэчлэн орчин цагийн тохилог орон сууц шиг болгох боломж бий болов уу гэсэн бодол төрсөн. Миний хувьд нүүдэлчдийн ахуй амьдрал хэв маягт сонирхолтой. Мөн зураг төслийн мэргэжилтэй учир энэхүү ажлыг сэдэж, туршиж үзье хэмээн шийдсэн билээ. Ингээд Монгол улсаас ирснийхээ дараа  зураг төслийн ажлдаа орсон. Хэрвээ бид Монгол гэрийг суурин амьдралын хэв маягт нийцүүлэн шинэчлэж чадвал хүмүүсийг тохилог хямд төсөр орон сууцаар хангаад зогсохгүй, соёлын үнэт өв болох монгол гэрийн уламжлалт өнгө төрхийг хойч үедээ үлдээх бүрэн боломжтой юм гэж тэрээр хэлж байсан.
М.Нандин хоёр сар гаруйн хугацаанд энэхүү шинэ “Монгол гэр”-ийн загвар төслийг зохиожээ. Хэдийгээр энэ ажил нь эхний шатандаа явж байгаа ч Монгол гэрийг шинэчлэн хөгжүүлэх боломж байгаа гэдгийг харуулж чадлаа хэмээн тэрээр итгэл дүүрэн хэлж байсан. М. Нандин өөрийн зохиосон шинэ Монгол гэрийн загвараа улам төгс төгөлдөр болгохын тулд Бээжингийн Монголчуудын наадам дээр олон нийтэд сонирхуулж, тэдний санаа оноог сонсож, цаашдын ажилдаа тусгал болгохоор зорьж ирсэн гэлээ.
Дашрамд дуулгахад М.Нандин нь ӨМӨЗО-ны Улаанхадаар нутагтай. Ерээд оны залуусын төлөөлөл юм. Тэрээр 2013 онд Бээжингийн зам харилцааны их сургуулийг барилгын зураг төслийн мэргэжлээр төгсөөд Бээжингийн нэгэн компанид гурван жил ажиллажээ. Тэрээр өнөөдөр шинэ Монгол гэрийн загварын ажилдаа анхаарлаа хандуулааад зогсохгүй гадаадын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлхээр бэлтгэж байгаа юм байна.


                                                                                                       С. Өвөртал

 

Шинэ загварын монгол гэрийн гаднаас харагдах байдал

Шинэ загварын монгол гэрийн гаднаас харагдах байдал

Шинэ загварын монгол гэрийн доторхи дизайн загвар

Шинэ загварын монгол гэрийн доторхи дизайн загвар

  

Зохион бүтээгч М.Нандин

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100