CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Сүүн цагаан идээний хишигтэй Шулуун хөх хошуунаас хийсэн тэмдэглэл

10-19-2016 18:06

Бараг л зангидсан гарын дайтай, өдөр өнгөрөх тусам тос дааж аманд уусах ажийн бороос эхлээд өчигдөрхөн хийсэн ч өнө удаан жил хадгалсан мэт хангайн цагаан хурууд идэж хүн болжээ. Эмээгийн бор аяга өдрийн турш л ааруул өрөмтэй тийм л орчинд бага нас минь өнгөрчээ. Угаасаа л Монгол ахуй, нүүдэлчийн амьдрал ийм байсан цаг саяхных. Гэтэл юмс өөрчлөгдөхийн хэрээр идэж уух минь хүртэл хувьсдаг аж. Нэг л мэдэхэд ааруул хурууд гэрт үзэгдэхгүй. Өрөм зөөхийг өглөөний цайндаа хэрэглэхээс хэтрэхгүй болж. Үр хүүхэд минь цагаан идээ гэхээсээ илүү чихэр жимс эргүүлнэ. Гэтэл саяхан ӨМӨЗО-ны Шулуун хөх хошуунд болох Цахар цагаан идээний найр наадмыг сурвалжлах боллоо. Аль хэдийн мартагдах шахсан ааруул хуруудны амт ууж буй цайнд минь амтагдах шиг. Аль эсхүл эмээгийн өнөөх бор модон аягатай өрөм зөөхий үзэгдэж байх шиг ч. Ааруул хурууд хүртэл хүний амьдралын дурсамж хадгалж буй гэхээр бас л сонин санагдах аж.  Шулуун хөх хошуу... Энд Хубилай хааны зуны ордоны их туурь бий. Шандугийн шар талд зуны дэлгэр цагт морилон саатах ихэс дээдэс минь энэ л нутгийн шимтэй амттай идээ цагаанд бие юугаа цайлгаж, эм мэт агаар усаар нь ундаасах гэж зүтгэн зүтгэн ирдэг байсан ч юм билүү. Хэн мэдэх билээ. Ер нь бол Шулуун хөх хошуу цагаан идээгээрээ Өвөрмонгол даяар алдартай. Үүнийг батлах түүхийн эх сурвалж цөөнгүй. Тэнгэр тэтгэгч хаан төр барьж байх үеийн нэгэн эх сурвалжид Хөвөөт шарын үхэрчин сүрэг, Шулуун шарын үхэрчин сүрэг зэрэг гурван үхэрчин хошуу жил болгон хааны ордонд 500 кг их хэвийн, 75 кг бага хэвийн хурууд, 5 мянган кг шар тос, 2500 литр шимийн архиар алба хаадаг байсан тухай дурьджээ. Мөн Шулуун цагаан үхэрчин хошуунаас Борын сүмд өргөсөн хуруудыг 30 жилийн дараа үзэхэд өнгө нь үл хувирч, амсахад хоёр өдрийн өмнө хийсэн мэт шинэхэн байсан гэдэг. Ийм л түүхтэй цахар цагаан идээний өлгий Шулуун хөх хошуунд дөрөө мулталлаа. Арав гаруй гэрүүд эгнэн барьсны дотор хошуу нутгийн идээ цагаа боловсруулдаг хувь хүн аж ахуй нэгжүүд өнгөтэй шимтэйгээ дэлгэжээ. Ерөнхийдөө хангай чигийн сүүн цагаан өнгөтэй хурууд байх аж. Ааруул, өрөм зөөхий, шимийн архи гээд ойролцоогоор 30 гаруй төрлийн идээ ундаа байна.
Энд би эгээ л өсөж төрсөн тал нутагтаа очсон мэт сэтгэл амсхийж, ааруул хуруудыг чихэр шиг хүлхэж хүүхэд насандаа очив. Бас нутгийн олонтой хууч хөөрөв. Шулуун хөх хошууны Сайн худаг сумын Нарсат гацааны малчин Соёлт гэргийн хамт анх удаагаа энэхүү цагаан идээний баярт оролцож байгаа гэнэ. Өөрсдийн бэлтгэсэн идээ цагаагаа бусдад амсуулж, уламжлалт аргаар хэрхэн цагаан идээгээ боловсруулж байгаагаа хуваалцаж сууна. Тэрээр олон зууны турш уламжлагдан ирсэн тэр аргаар идээ цагаа боловсруулдаг бөгөөд үүнийгээ хойч үедээ өвлүүлэн үлдээхийг чин зорилгоо болгосон гэлээ.
Харин Ханхал нутагтай Дайчин тэртээ 1992 оноос цагаан идээ борлуулжээ. Малчид цагаан идээгээ зарна гэж бодож ч үзээгүй үед хурууд уутлан Хөх хот очиж худалдаж байсан гэнэ. Тухайн үед нэг кг хурууд хэдхэн мөнгөний үнэтэй байсан аж. Өөр хүн бол юун ашиг олох вэ? гэж ам асуухаар л байсан гэдэг. Гэвч тэрээр тавхан жилийн дотор цагаан идээнийхээ хишиг орлогоор бизнесээ босгож чадсан байна. Улмаар идээ боловсруулах өөрийн гэсэн хоршоо байгуулж, Ханхал хэмээх нэрийн бүтээгдэхүүн гаргажээ.  Тэр өнөөдөр 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, өдөрт өөрийн 70-иад үхэр болон малчдаас нийлүүлсэн  1000 очим литр сүү боловсруулж,  цагаан идээнийхээ ашиг шимээр ажиллаж амьдарч байна. Нэгэнтээ тэрээр интернэт зах зээлд цагаан идээгээ борлуулах гэрээ хийж, ажил болгож үзжээ. Гэвч бүх хошуугаараа боловсруулсан цагаан идээ интернэт зах зээл дэхь хэрэглэгчдийн нэг өдрийн эрэлтийг ч гүйцэхгүй нь гэдгийг мэдээд, энэ ажлаа түр хойш нь тавьсан байгаа гэлээ.  Гэхдээ л түүний мөрөөдөл цахим зах зээлд хөл тавих. Магадгүй энэ нь ганц түүний хүсэл биш Шулуун хөх хошууны цагаан идээ боловсруулж, үйлдвэрлэл эрхэлдэг хүн бүрийн хүсэл байж мэдэх юм. Хэрвээ ингэж чадаж гэмээн Хөх шулуун хошууны сүүн цагаан идээ интернэтээр борлогдож, дэлхий даяараа амсах нь. Ийм цаг тун ойрхон гэдгийг 2006 оноос хойш 9 дэхь удаагаа зохион байгуулж байгаа Цахар цагаан идээний баярын үеэр болж буй олон үйл явдал харуулж байна.
Бас ойрын хэдэн жишээ байна. Монгол улсаас ирсэн мэргэжилтнүүд шар сүүгээр чихэр хийх технологи нутагшуулсаныг олон малчин бодит ажил болгожээ. Өнгө өнгөөр алагласан сүүн, шар усны чихэр айл бүрийн тавган дээр байна. Эрэлт ч багагүй гэнэ. Яг л дээр үеийн орос “Ирис” чихэр шиг. Гэхдээ хадгалалт жаахан багатай байж мэдэхээр шинжтэй. Хэрвээ хугацааг нь хангалттай хэмжээнд болгоод орхичихвол энэ тэндхийн янз бүрийн амттан, чихэр энэ тэрээс байгалийн чанраараа хол давах бололтой. Магадгүй өнөөгийн органик, ямар нэгийн химийн бодис ороогүй хүнсний бүтээгдэхүүн рүү хошуурах болсон дэлхий нийтийн хэрэглэгчдийн анхаарлыг энэ мэтчилэн сүүн бүтээгдэхүүн маш хурдан татаж мэдэх юм.  Бас Ханхал нутгийн Давшилт энэ ондоо багтаагаад шар сүүний ундаа үйлдвэрлэхээр болсон гэдгээ хэлж байсан. Шар сүү нь маш олон эрдэс бодис агуулж байдаг гэж өмнө нь сонсож байсан санагдана. Ямар муу байсан гэж л биднийг багад зуны халуун наранд шар сүүнд суулгаад байх гэж. Өнөө эмч нар хот суурингийн хүүхдүүдийг зуны цагт шар сүүнд суулгаж наранд ээж байхыг зөвлөх болсон. Ингэж биеэнд ус агаар мэт хэрэгтэй кальц хэмээх бодисыг нар, шар сүүнээс нөхөж авдаг гэнэ. Монголчууд яс сайтай байсан нь цагаан идээний ид шид гэж хэлэх эрдэмтэдтэй ч нэг биш таарч байлаа. Ер нь судлаад, оролдоод, уламжлалаа гээхгүй шинэ технологотой нийцүүлээд явбал энэ мэтчилэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр таних цаг ойрхон бололтой дог. 
 Ер нь Шулуун хөх хошуунаас хэрэг болгон Цахар цагаан идээний баяр хийх болсон хамгийн том шалтгаан энэ юм боловуу гэж би олж харлаа. Тодруулж хэлбэл уламжлалаа өвлөн авч үлдэх, үүнийгээ дэлхийн зах зээлд гаргах. Ийм л зорилгын төлөө цахар цагаан идээний баярыг жил тутам хийж, энэ наадамдаа тэр бүр уулзаад байдаггүй малчдыг уулзуулж, туршлага солилцуулж, мөн идээний нэр төрлийг сайжруулахын тулд эрдэмтэн мэргэдийн үгийг сонсгож байх шиг санагдлаа. Ер нь бол Өвөр Монгол даяараа сүүн цагаан хуруудаараа алдартай Шулуун хөх хошууныханаас олон олон шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн гарах бололтой дог шүү. Мөн шимтэй амттай ааруул, хууруудны гол нууц болох уламжлалт аргыг хэвээр нь хойш үедээ үлдээх үүргийг ч энэ хошуу нутгийнханд нуруундаа үүрчээ. Уламжлалаа эвдэхгүй, шинэ технологийг хослуулж чадаж гэмээн хэдэн зууны турш нүүдэлчин Монголчуудын гол хүнс болж байсан цагаан идээ дэлхийн зах зээл дээр гарах цаг тун ойрхон бололтой. Үүнийг Сүүн хуруудын хишигтэй Шулуун хөх хошууныхан түүчээлэх нь гэдэг бодол энэхүү баярын үеэр надад төрлөө.


Д. Чинзориг

Шулуун хөх хошууны Цахар цагаан идээний наадмын фото агшин

 

 

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100