CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрлоо

07-27-2016 16:48

Нарны эрчим хүчээр ажилладаг "Солар Импульс" онгоц дэлхийг тойрсон аяллаа дуусгалаа. Өнгөрсөн оны 6 дугаар сард Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу Даби хотоос гараагаа эхэлсэн "Солар Импульс" онгоц нэг жил гаруй хугацаатай үргэлжилсэн аяллаа дуусгаж Абу Дабид дахин газарджээ. "Солар Импульс"-ийг бүтэн жилийн турш жолоодсон нисгэгч Бертранд Пиккард өөрийн 40 мянга гаруй километрийн аяллаа дуусгасны дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэрээр экологид ээлтэй, нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй онгоц ямар нэгэн осол эндэгдэлгүйгээр дэлхийг тойрч чадсан нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болсон гэдгийг онцлоод, энэ үйл явдал нь байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн салбарт шинэ хуудас нээж байна гэлээ.
Швейцар инженерүүдийн зохион бүтээсэн нэг хүний суудалтай, нарны эрчим хүчээр ажилладаг онгоцыг дэлхийг тойрч чадна гэдэгт итгэх хүмүүс цөөхөн байсан гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Онгоцны хувьд өдрийн цагаар өөрийн 17 мянга 248 нарны эрчим хүчний хавтангаар цахилгаан үйлдвэрлэж, шөнийн цагт зай хураагуурт хадгалсан цахилгаан эрчим хүчээ ашиглан нисэж байсан юм. Мэдээж "Солар Импульс" жирийн онгоцтой харьцуулбал харьцангуй удаан буюу 75 километр цагийн хурдтай нисдэг байсан учраас дэлхийг тойрсон аялалд нэг жил гаруй хугацаа зарцуулжээ.
Түүнээс гадна онгоц нийтдээ 16 удаагийн урт хугацааны зогсолтуудыг Итали, Хятад, Энэтхэг, Америк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хийж байсан юм. Дашрамд дурдахад "Солар Импульс" нь Алтантын далайг 70 цагийн хугацаанд туулсан бол Номхон далай дээгүүр 118 цаг тасралтгүй ниссэн байна .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100