CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Сүнзийн дайтах урлаг”

06-20-2016 10:42

“Сүнзийн дайтах урлаг” бол Хятадын эртний цэрэг дайны онолын агуу бүтээл төдийгүй, дэлхий нийтэд хамгийн их нөлөө үзүүлж, хамгийн өргөн хүрээнд уламжлагдан дэлгэрсэн Хятадын эртний ном зохиолын нэг юм. Уг номд өгүүлсэн арга тактик, гүн ухааны үзэл санаа цэрэг дайн, улс төр, эдийн засгийн салбарт өргөн хэрэглэгддэг. 2500 жилийн өмнө бичигдсэн “Сүнзийн дайтах урлаг” хэмээх энэ ном дэлхийн цэрэг дайны онолын хамгийн анхны зохиол бөгөөд Европын Клаузевицийн бичсэн “Дайны онол” номоос 2300 жилийн өмнө бүтээгдсэн билээ. “Сүнзийн дайтах урлаг” номын зохиогч Сүнь Ү бол Хятадын түүхэнд “Цэргийн богд” буюу “Зэвсэглэлийн богд” хэмээн хүндэтгэгдэж олноо алдаршсан, эртний Чүньчюгийн үеийн цэрэг дайны мэргэжилтэн юм. Чүньчюгийн үед Сүнь Ү дайны хөлөөс дайжин Ү улсад зугтаж очжээ. Ү улсын хаан түүнийг их жанжин болгож, гурван түмэн цэрэг өгч Чү улсын хорин түмэн их цэрэгтэй тулалдуулахад Сүнь Ү ялалт байгуулж, үүнд нь тухайн үеийн олон хөү улс ихэд гайхан цочирдсон гэдэг.

Сүнь Ү Хятадын Чүньчюгийн сүүл үеэс өмнөх дайны туршлагыг нэгтгэн дүгнэж, “Сүнзийн дайтах урлаг” хэмээх ном бичиж, цэрэг дайны ердийн зүй тогтлын нийтлэг талыг тодруулан өгүүлж, цэрэг дайны онолын иж бүрэн системийг бий болгосон юм. “Сүнзийн дайтах урлаг” хэмээх ном нийт зургаан мянга гаруй үг бүхий арван гурван бүлгээс бүрдсэн ба бүлэг бүр нэг гол үзэл санааг өгүүлсэн онцлогтой байдаг. Жишээлбэл “Арга тактик” хэмээх бүлэгт дайн хийж болох эсэх асуудлыг тал бүрээс нь шинжлэн өгүүлсэн байна. Түүнд дайн дажин болон улс төр, эдийн засгийн харьцааг гүн гүнзгий задлан шинжилж, дайнд ялж ялагдах шийдвэрлэгч таван хүчин зүйл бол улс төр, тэнгэрийн цаг, газрын зүй, жанжин дайчид, хууль дүрэм бөгөөд түүн дотроос хамгийн чухал нь улс төрийн хүчин зүйл хэмээн үзсэн байдаг. “Дайтах” хэмээх бүлэгт хэрхэн дайн хийх тухай өгүүлжээ. “Аргаар довтлох” хэмээх бүлэгт дайсан этгээдийг яаж довтлох тухай өгүүлсэн байдаг.

Сүнь Ү бага зардлаар хамгийн их амжилтанд хүрэх, дайтахгүйгээр ялахыг хичээх, хүчээр довтлолгүй дайсны хотыг эвдэх, дайсан этгээдээ удаан зууралдан байлдахгүйгээр мөхөөхийг зорьдог байжээ. Энэ зорилтдоо хүрэхийн төлөө, аргаар ялах явдлыг онцлон чухалчилж, хүч хэрэглэхийн хамгийн дээд арга нь дипломат аргаар ялалт байгуулах явдал хэмээн үзэж байв. Хоёр дахь арга нь гадаад харилцааны аргаар ялах явдал юм. Гурав дахь арга нь хүч хэрэглэж ялах явдал болно. Харин хамгийн муу арга нь хотыг дайрах явдал гэжээ. “Аргаар довтлох”-доо өөрийн хүч чадлаа мэдэх хэрэгтэйгээр барахгүй бас эсрэг этгээдийнхээ байдлыг сайн мэдсэн байх шаардлагатай хэмээн дурджээ. “Завсардуулах” гэсэн бүлэгтээ Сүнь И дайсны байдлыг юуны өмнө сайн мэдэж, завсардуулах олон аргыг чадамгай хэрэглэж, тагнуулын мэдээллийг өргөнөөр цуглуулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

“Сүнзийн дайтах урлаг” гүн ухааны үнэ цэнэтэй олон үзэл санааг агуулсан байдаг. Жишээлбэл “дайсны болон өөрийн байдлыг сайтар мэдвээс олонтаа байлдавч үл ялагдмой” хэмээснийг Хятадын ард түмэн сайтар ухаарсан юм. “Сүнзийн дайтах урлаг”-т диалектикийн үзэл санаа баялаг бөгөөд дайсан этгээд болон өөрийн тал, эзэн зочин, олон цөөн, хүчирхэг буурай, довтлох хамгаалах, ялах ялагдах, ашиг хохирол зэрэг дайнтай холбоотой зөрчилтэй асуудлыг шинжлэн өгүүлсэн байдаг. “Сүнзийн дайтах урлаг”-т энэхүү зөрчилтэй асуудлууд болон түүний улиран хөгжих нөхцөл боломжийг судлан шинжилсний үндсэнд дайтах стратеги, тактикийн тухай санал дэвшүүлсэн байдаг. Түүний диалектикийн үзэл санаа Хятадын диалектик үзэл сэтгэлгээний хөгжлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг юм.

“Сүнзийн дайтах урлаг” цэрэг дайн, арга мэхийн их цоморлиг учраас олон үеийн цэргийн мэргэжилтэн түүнийг өргөнөөр ашиглаж, номын арга ухааны нэр, үлгэр домгийг Хятад улсад хүн бүр сайн мэддэг. “Сүнзийн дайтах урлаг” бол цэрэг дайн, гүн ухааны үзэл санаа, барагдашгүй улирч хувирах учир шалтгаан бүхий стратеги, тактикийн арга мэхийг системтэйгээр хураангуйлан нэгтгэж, уншигчдад байнга шинэлэг зүйлийг бодогдуулдаг болохоор дэлхийн цэрэг дайны үзэл санааны салбарт гүн гүнзгий нөлөөлсөн, нэр хүндтэй бүтээл юм. Уг ном Англи, Орос, Герман, Япон зэрэг хорин есөн хэлнээ орчуулагдаж, бүх дэлхийд “Сүнзийн дайтах урлаг”-ийн тухай хэдэн мянган төрлийн ном зохиол хэвлэгдэн нийтлэгдсэн байна. Олон орны цэргийн сургууль уг номыг сурах бичиг болгон ашиглаж байна.

1991 оны Персийн булангийн дайны үед дайтагч хоёр тал “Сүнзийн дайтах урлаг”-ийг судалсан байсан бөгөөд түүний цэрэг дайны тухай үзэл санаагаар дайныг удирдсан гэдэг. “Сүнзийн дайтах урлаг” номыг нийгэм, худалдаа зэрэг салбарт өргөнөөр ашигладаг. Дотоод гадаадын олон үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүс компаниуд энэ номын үзэл санааг эдийн засгийн удирдлагын болон зах зээлийн борлуулалтын арга барил болгон ашиглаж, “цэргийн эрдмийг бизнесийн зориулалтаар хэрэглэж” амжилтад хүрч байна.

                                                              Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100