CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжинд амьдарсан нэг жил

05-23-2016 14:00

 

 

  

Бээжин хотын баруун дүүрэгт нэлээн алс орших шинэхэн хороололд би жил шахам амьдарсан юм. Манай гэр орших тэр хэсэгт бидний нэрлэж заншсанаар дахин төлөвлөлт хийгдэж бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Миний амьдарч байгаа хороолол ч мөн хоёрхон жилийн өмнө тариалангийн талбай байсан гэхэд итгэхээргүй. Арванзургаан давхар арав гарай орон сууц нэг хороолол болох бөгөөд ийм гурван хороолол нэг дор бий. Одоо дөрөв дэх хорооллыг нь барьж байгуулах гээд өдөржин шөнөжин хүчирхэг техникийн дуун хадаан байна.

  

Хэдхээн жилийн өмнө миний амьдарч байсан тэр хэсэг газар тариачдын хуучин оромж, төмрийн үйлдвэрийн багахан суурин газар байсан гэдэг. Олон зуун жил хэдэн үеэрээ тариа тарьж байсан газраа улс орныхоо хөгжлийн замыг дагаж, амьдрах таатай нөхцөл бүрдсэн байраар сольсон ихэнх нь ахмад настай хүмүүс энэ хороололд амьдардаг. Тэдний амьдрал өглөөний таван цагаас эхэлнэ. Нэг талаараа амьдарч байгаа газар нутгийн байршил, нарны мандах жаргах хугацаа нь эднийг ийм эртэч болгосон болуу гэмээр. Үүрээр харанхуй шахамд байрны гэрлүүд асч, 7 цаг гэхэд хүн зон холхиж, цонхоор харвал ногооны захаас хүнсний богц чирсэн хөгшид, дуут хөгжим дээр дасгал хийх хүмүүсийг харж болно. Нэгэн өдрийнхөө амьдралыг хөгжимт дасгалаар эхэлж эрч хүчээ нөхчихсөн хүмүүс өдөржин л борви бохисхийлгүй ажилладаг байсан нь мэдээж. Одоо тэд хийдгээ хийсэн хүний амьдралын замналаар тохилог цэвэрхэн орон сууцныхаа хорооллын дунд нарлан сууж, тоглоом тоглон өдрийг өнгөрүүлнэ. 

  

Манай хорооллоос холгүй тэнд оршин суугчид өөрсдийн тарьсан ногоо жимсээ борлуулах жижигхэн зах бий. Үнэ маш хямд, бас ногоо жимс нь шинэхэнээрээ. Би гэдэг хүн эхлээд дохио зангаагаар болгодог байснаа сүүлдээ идэх уухаа худалдаж авахад ойлголцохоор “будааны хэл”-тэй болов. Намайг монгол хүн гэдгийг мэдээд улам л уриалгахаар үйлчилж, харилцдаг нь надад нэн таатай.  

  

Бүтээн байгуулалт энд тэнд өрнөж буй энэ газарт шинэчлэл дундах уламжлал гэмээр нэгэн жижигхэн “вант улс” бий. Миний нүдээр бол дээхэн үед энэ хавьдаа ч нэлээд хөрөнгө чинээтэй, наймаа худалдаа явуулдаг, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байсан болов уу гэж харагдахаар хуучны хэв загварын 20 шахам байшин байх. Хуучны эдгээр барилгуудаа тэр хэвээр нь үлдээж, хүмүүст үзүүлж сонирхуулахаар сүүлийн нэг жилийн хугацаанд засч сайжруулсаар байна. Энд нэг зүйл анхаарал татсан нь тэр үедээ монголоос жин тээж ирсэн жинчид буудалладаг өртөө байсан гэх мэдээлэл байв. Ханан дээр хадсан монгол жинчидийн зураг өөрийн эрхгүй хараа булаана. 

Эндэхийн хүмүүсээс суралцах зүйл олон харагддаг. Нэг удаа бороо орж байхад мод услаад зогсож байгаа хүнийг хараад инээд хүрэх шиг болсон ч дараа нь бодоход ажлыг яс хийх чанарыг нь тэр хүнээс суралцмаар санагдсаныг нуух юун.

                                                                                                    А. Туяа

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100