CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Apple компани 40 нас хүрлээ

05-05-2016 14:55

Iphone гар утас, Ipad зэрэг электрон бүтээгдэхүүний шинэ загвар ойр ойрхон гарч байгааг хүн бүр мэднэ. Аpple бол компьютерийн программ хангамж, суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас, бугуйн цаг зэрэг электрон хэрэгслийг зохион бүтээж, зах зээлд борлуулдаг Америкийн компани юм. Анх 1976 оны 4 дүгээр сарын 1-нд Стивен П.Жобс, Стивен Г.Возниак, Роналд Вайне нар үүсгэн байгуулсан бөгөөд анхны компьютероо Стив Жобсын автомашины гараажид бүтээсэн гэдэг.

 1977 онд зохион бүтээсэн хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple-II компьютер тус компанийг амжилтад хүргэж, олон нийт анх удаа хувьцаа нийлүүлэн 1980 онд Аpple компанид 100 сая долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компаний персонал компьютерийн зах зээл дэх урт удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм.

1984 онд бүтээсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс, хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер юм. "Маc" эхэндээ зах зээлд цөөн тоогоор борлогдож байв. Жобс 1985 онд ажлаасаа гарсан ч яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд аргаа олжээ. Энэ хооронд Майкрософтын Виндоус систем Аpple-ын зах зээлийг бага багаар булаан авч байлаа.

1997 онд Стив Жобс Аpple компанидаа дахин орж ажиллав. Тэрээр iMac зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин үр ашигтай ажиллуулж эхлэв. XXI зуунаас хойш Apple үсрэнгүй хөгжлийн үе шатандаа оржээ.

 

Apple компани 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod-ыг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд дуу бичлэгийн томоохон компаниудын дууг интернэтээс татаж болох МP3 форматаар орлуулж эхлэв. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас iPhone худалдаанд гарлаа. 2010 онд iPad нэртэй таблет компьютер гаргав. 2011 онд iPhone 4S-г танилцуулсан нь дэлхий дахинд шинэ технологийн хувьсал болсон юм.

Өдгөө тус компанийн дэлхий даяар ашиглаж буй тоног төхөөрөмж 1 тэрбум хүрч, зах зээлийн хамгийн өндөр өртөгтэй компани болсон бөгөөд саяхан 40 секундийн видео бичлэг гарган, 40 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Энэ бичлэгт тус компани 40 жил үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, технологио харуулж, хэн ч мэдэхгүй жижиг компаниас дэлхийн хүчирхэг бренд болсон түүхээ 40 секундэд багтаан танилцуулжээ. 

2007 онд iPhone утасны анхны загвар гарснаас хойш өнөөг хүртэл шинэ бүтээгдэхүүн гарах тоолонд хүмүүс уралдан авдаг хэвшил тогтжээ. Гэхдээ сүүлийн хэдэн жил ухаалаг гар утасны зах зээл ханаж, өрсөлдөөн ширүүсч, борлуулалтад ноцтой нөлөөлж байна. iPhone гадаад төрхөө өөрчилсөн нь хэрэглэгчдэд таалагдаагүй төдийгүй iPad, ухаалаг бугуйн цаг IWatch зэргийн борлуулалт ч багасаж байна.

Энэ оны 3-р сард тус компани загвараараа 5S-тай адил, хүчин чадал нь 6S-тэй төсөөтэй 4 инчийн ухаалаг гар утас iPhone-SE болон 9.7 инчийн iPad-PRO-г зохион бүтээж, зах зээлд нийлүүлэв. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн тухай судлаач Шара Тибкен: “Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк тус компанийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсан. Тэр шинийг зохион бүтээх талаар хичээн ажиллаж байна. Тус компани ухаалаг бугуйн цаг IWatch-ийг үйлдвэрлэсэн нь үүний нэг жишээ юм. Гэвч Тим Күүкийн удирдсан Apple компани одоог хүртэл Стив Жобсийн үеийнх шиг дэлхийг донсолгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсангүй, дуулиан тарих бодлого ч явуулахгүй байна” гэсэн юм.  

Apple компани амжилтад хүрсэн шалтгаан бол дан ганц шинэлэг тоног төхөөрөмжиндөө ч биш, гол нь тэд хэрэглэгч, зохион бүтээгчдэд экологийн систем бий болгож өгдөгт оршино гэдгийг дэлхийн зах зээл хүлээн зөвшөөрсөн юм. Apple нисгэгчгүй онгоц, бодит ахуйг хийсвэрлэн бүтээх технологи зэрэг шинэ салбарт лавтай өөрийн бүтээлээ гаргана гэж тус салбарын судлаач Шара Тибкен хэлж байлаа.

Apple компани 2017 онд Стив Жобсын амьд сэрүүн байхдаа зурж төлөвлөсөн сансрын хөлөг хэлбэртэй шинэ байрандаа нүүж орох болно.

                                    Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100