CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

МИНИЙ СОНГОЛТ- ЗҮҮН ХЯТАДЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

07-13-2015 14:34

 

   Зүүн Хятадын Багшийн Их Сургууль (East China Normal University) 1951 онд Шанхай хотноо байгуулагдсан. Боловсролын чиглэлээр Хятадын тэргүүлэх их сургуульд тооцогддог. Шанхай хотын шилдэг арван сургуулийн дөрөвт жагсдаг.

   Хятад хэл сурахыг хүссэн гадаад оюутнуудад хамгийн түрүүнд санал болгодог хоёр сургуулийн нэг нь Бээжин хот дахь Бээжин Хэл Соёлын Их Сургууль, нөгөө нь бидний танилцуулж буй Шанхай хотын Зүүн Хятадын Багшийн Их Сургууль юм. Гадаад оюутнуудыг сургах туршлага, бусад олон улсын их сургуулиудтай хамтарч ажилладаг гэхчилэн олон давуу талтай нэр хүндтэй их сургуулийн нэг нь энэ сургууль юм.
Миний хувьд 2013 оны 9 сараас эхэлж суралцаж байна. 2 дахь жилдээ хэлний бэлтгэлд хятад хэл сурч байна. Монголоос ирж суралцахыг хүссэн хүүхдүүдийн хамгийн их асууж сонирхдог, дээр нь илүү сонирхолтой байх мэдээллүүдийг хүргэе.

   Өнөөдрийн байдлаар 100 гаруй орны 5500 орчим гадаад оюутнууд энэхүү сургуульд суралцаж байна. Солонгос, Япон, Итали оюутнууд энэ сургуулийг сонгож суралцах нь их. Харин Монгол улсаас энэ жил 20 гаруй оюутан сурч байна. Монгол оюутнууд маань сургуулиас зохиодог төрөл бүрийн хичээлээс гадуур арга хэмжээнд маш идэвхтэй оролцдог. Тийм болохоор цөөхөн ч гэсэн бусад гадаад оюутнуудын дунд нэр хүндтэй, багш нар ч бас их сайн ханддаг.

   Яагаад Шанхай хотын Зүүн Хятадын Багшийн Их Сургуулийг сонгон суралцах гэж..
Манай сургууль нь хоёр хотхонтой. Шанхай хотын төвдөө ойрхон нэг хотхон, хотын захад шинэ дүүрэгт нөгөө хотхон нь байрладаг. Хотхонуудын хувьд төрөл бүрийн мод, цэцэг ихтэй, цаг агаар сайхан өдөр салхилж алхахад сайхан мэдрэмж төрөхөөр, ер нь сургуулийн орчин тойрон их үзэсгэлэнтэй. Ямар мэргэжлээр сурахаасаа хамаараад аль хотхонд амьдрах нь шийдэгдэнэ. Төвдөө бол хэлний бэлтгэл, бусад боловсролын салбарын мэргэжлүүд байрладаг. Төвийн хотхоны яг дундуур гол урсана, голын хоёр талаар моднууд, эдгээр мод нь цэцэглэсэн үед их романтик сайхан орчин бүрддэг. Ер нь багшийн сургууль болохоороо эмэгтэй оюутнууд ихтэй. Тиймээс бусад сургуулийн эрэгтэй  оюутнууд манай сургуулиар их” гүйдэлтэй”. Магадгүй энэ мэт шалтгаанаас үүдээд манай сургуулийг “爱在华师大”  “Хайр Хуашидад” гэж нэрлэдэг ч байж мэдэх юм. (Хуашида гэдэг нь Зүүн Хятадын Багшийн Их Сургуулийн товчилсон нэр) гэж ярьдаг.

   Ер нь эндхийн сургуулиуд гадаад оюутнуудын байр нь ихэвчлэн өрөөндөө хоёулаа амьдардаг. Манай сургуулийн хувьд нэг улсын хоёр хүүхдийг нэг өрөөнд цуг оруулах их дургүй, хоёр өөр улсын оюутныг нэг өрөөнд оруулдаг. Хэл сурахад илүү хурдан, нэмэртэй гэж үздэг байх.
Багш нарын хувьд хичээлээс гадуур идэвхтэй, байнгын арга хэмжээ зохион байгуулдаг, оролцдог оюутнуудад илүү дуртай. Сургууль ч хичээлээс гадуур арга хэмжээнд их анхаарч, хөрөнгө зардаг. Тогтсон хэд хэдэн арга хэмжээ байна. Жишээ нь жилийн эхний семестерт гадаад оюутнуудын дунд спорт өдөрлөг болно. Улс улсаараа, эсвэл ангиараа, найз нөхдөөрөө баг бүрдүүлээд оролцож болно. Гадаад оюутнуудын хамгийн их ач холбогдол оролцдог нь “Олон улсын соёлын өдөрлөг”. Оюутнууд өөрсдийн улсын соёлыг бусдадаа сурталчилна. Үндэсний хувцасаа өмсөж, үндэсний урлаг, хоол цай гээд олон юм бэлдэж оролцдог. Урлагийн наадам бас болно. Энэ арга хэмжээнд бэлдэхэд зориулж сургуулиас тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Харин оюутнуудын хамгийн дуртай арга хэмжээ нь сургуулиас зохион байгуулдаг аялал юм.

   Мэргэжлийн үндсэн ангийн оюутнууд жилдээ нэг удаа, тэгэхдээ 4-5 хоногоор, хэлний бэлтгэлийнхэн жилдээ хоёр удаа, 2-3 хоногоор харьцангуй ойрхон газар луу аялдаг. Саяын семестерт гэхэд л бид “Хангжоу” гэж Шанхайгаас холгүй нэгэн алдартай газар руу аялсан. Энэхүү 2 өдрийн аялалын бүх зардал нь 80 юань. Хэрвээ ийм хэмжээний аялалын зардлыг хувиасаа гаргавал зөвхөн нэг талын замын зардал л бараг 80 юань болно, Үүн дээр буудал болон бусад зардал, дурсгалт газруудын тасалбар гээд хэд дахин мөнгө шаардагдана.Тэгвэл бид сургуулиас зохиож буй аялалаар явахдаа 5одтой, дээд зэрэглэлийн буудал байнга буудаг. Түүнчлэн оюутнуудад аялахаас гадна хятад соёлтой танилцах, хятад хүмүүстэй харилцах боломж өгдөгөөрөө энэхүү аялал маш их ач холбогдолтой байдаг.    
Манай сургуульд суралцаж байгаа гадаад оюутнууд хичээлээс гадуур цаг зав ихтэй, зарим нь ажил хийнэ. Европ, америк зүгийнхэнд ялангуяа ажил амархан олдоно. Хэлний бэлтгэлийн хичээл өдрийн 12 цаг гэхэд тарна. Үдээс хойш хичээлгүй. Үндсэн ангийнхан тэр дундаа мастер, докторынхон долоо хоногт 2, 3 өдөр хичээлтэй байдаг. Ийм болохоор зөвхөн манай улсын оюутнууд ч гэлтгүй бүгд л чөлөө цаг ихтэй энэ хирээр зугаалж, цэнгэдэг. Шанхай том хот, шөнийн хот ч гэдэг, наргиж цэнгэхэд дэндүү боломжтой, нээлттэй. Ажил хийж байгаад сурахаар ирсэн хүмүүст олон улсын пионерийн зусланд амарч байгаа юм шиг санагддаг гэсэн. Үнэхээр гадаад оюутнууд энд эрхлэх л гэж ирсэн мэт. Монголд маань ямар билээ. Автобусны кондуктороос эхлээд л үзэхгүй шүү дээ. Ер нь л сургуулиас тодорхойлолт авах, ямар нэг бичиг баримт хөөцөлдөх гээд алхам бүр асуудалтай. За тэгээд багш нараа царайчилна, уурыг нь хүргэчихгүй аятайхан юмаа бүтээчих гээд л. Харин энд эсрэгээрээ. Оюутанд ямар асуудал байна. Түүнийг шийдэх нь л энэ сургуулийн багш ажилчдын гол үүрэг гэж хэлэхэд болно.
Энд байсан хугацаагаа цэгнээд харахад бас л үнэ цэнэтэй. Би Шанхайд суралцсанаараа зөвхөн Хятад хэл соёлыг сураад зогссонгүй. Өөртөө маш их боломж байгааг олж харсан. Бас маш олон орны оюутнуудтай танилцаж сайн найзууд боллоо. Хятад хэлнээсээ гадна англи хэлний яриа ч эрс сайжирсан. Өөр ямар нэг хэл сонирхож сурья гэвэл тухайн улсаас энд суралцдаг оюутан бас байгаа. Энэ бас л боломж. Өөр өөр соёл, өөр өөр хэлний хүмүүс гэдэг өмнө нь үнэхээр төсөөлж байгаагүй шинэ ертөнц. Хувь хүнийхээ хувьд тэднийг таньж мэдэн, тэднээс суралцана гэдэг ямар ч диплом гардаж авахаас илүү үнэ цэнтэй гэдгийг би ухаарсан. Энэ бол манай сургуулийн хамгийн том давуу тал. Бидэнд олгосон боломж юм.

                                                                                                        Д. Номин-Эрдэнэ

 

 

 

                                               

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100